ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /BBC/. “Honda”, “Nissan” компаниуд цахилгаан автомашин үйлдвэрлэгчид, ялангуяа Хятадын компаниудтай өрсөлдөхийн тулд хоорондоо нэгдэх асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ оны гуравдугаар сард Японы автомашин үйлдвэрлэгч тус хоёр компани стратегийн түншлэл тогтоох боломжийг судлахаар тохиролцож байсан юм.
Автомашин үйлдвэрлэлийн салбар бензин, дизель хөдөлгүүртэй автомашинаас цахилгаан хөдөлгүүртэй автомашинд шилжиж, Хятадад үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, автомашины олон брэнд улам ширүүсэж буй өрсөлдөөнийг эрсдэл багатайгаар даван туулахыг эрмэлзэж буй үед дээрх хэлэлцээ явагдаж байна.
“Honda”, “Nissan” компаниуд зах зээлд эзлэх хувиа Хятадын үйлдвэрлэгчдэд алдсаар байгаа бөгөөд Хятад улс 11 дүгээр сард дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын 70 орчим хувийг эзэлжээ. Тус хоёр брэнд 2023 онд дэлхийн хэмжээнд 7.4 сая автомашин борлуулсан ба BYD зэрэг хямд цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй ширүүн өрсөлдөхөд хүрч байна. “BYD”-гийн улирлын орлого ихээхэн өсөж, 10 дугаар сард анх удаа “Тесла”-гийнхыг ардаа орхисон юм.
“Honda”, “Nissan” компаниудын хэлэлцээний талаар Японы бизнесийн “Nikkei” сонинд анх мэдээлсэн бөгөөд компаниудын удирдлага уг мэдээллийг үгүйсгээгүй боловч “энэ бол аль нэг компанийн хийсэн мэдэгдэл биш” гэж мэдэгджээ. “Хэрэв ямар нэгэн шинэ мэдээлэл гарвал бид холбогдох талуудад тухай бүрд нь мэдэгдэх болно” гэж нэмж дурдсан байна.
Гэхдээ Японы хоёрдугаар ба гуравдугаарт бичигддэг автомашин үйлдвэрлэгчдийн нэгдэх үйл явц нь хэд хэдэн шалтгааны улмаас бэрхшээлтэй тулгарч магадгүй юм. Тухайлбал, аливаа гэрээ хэлэлцээр нь Японд томоохон цомхотгол хийхэд хүргэж болзошгүй тул улс төрийн хүрээнийхний анхаарлыг татах магадлалтай. “Nissan” ч мөн адил Францын автомашин үйлдвэрлэгч “Renault”-тай хамтын ажиллагаагаа цуцалж магадгүй байна.
“Honda”, “Nissan” компаниуд гуравдугаар сард цахилгаан автомашины салбарт хамтран ажиллахаар тохиролцсон бол наймдугаар сард харилцаагаа улам гүнзгийрүүлж, цэнэг хураагуур болон бусад технологийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хятадууд бүх машинаа цахилгаан болгочихсон байхад муусайн японууд оройтож ойлгосон байна ! Одоо гүйцэхгүй ээ ! 21 р зуун бол Хятадын зуун юм !