sonin.mn

БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /DW/. Парис, Берлин хотуудыг холбосон анхны өндөр хурдны галт тэрэгний зам даваа гарагт ашиглалтад оржээ.Германы ICE галт тэрэг Францын нийслэлийн “Гар де л’Ест” галт тэрэгний буудлаас орон нутгийн цагаар өглөөний 9:55 цагт хөдөлж, 18:03 цагт Берлиний “Хауптбанхоф” буудалд ирнэ.




“Та Германаас Францын нийслэл хүртэл найман цагийн дотор Германы Франкфурт, Карлсруэ, Францын Страсбург хотуудаар дамжин аялах боломжтой” гэж Германы төмөр замын “Deutsche Bahn” компани нийгмийн сүлжээний X хуудсандаа бичжээ.




Францын “SNCF” компанитай хамтран ICE галт тэргээр Берлин, Парисын хооронд өдөрт нэг удаа зорчих энэхүү үйлчилгээг илүү олон чиглэлд галт тэргээр зорчихыг хүмүүс эрмэлзэж буй үед нэвтрүүлж байна.




Герман-Францын найрамдлын бэлгэ тэмдэг


Герман, Франц хоёр бол Европын Холбооны хамгийн олон хүн амтай, хамгийн том эдийн засагтай улсууд юм. Берлин хотын дарга Кай Вегнер шинэ чиглэлийн галт тэрэгний тухайд хэлэхдээ “энэ бол Герман-Францын найрамдлын бэлгэ тэмдэг мөн” гэж тодорхойллоо.

“Deutsche Bahn” компани найдваргүй гэх тодотголоос ангижрахаар ажиллаж буй үед энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. 11 дүгээр сард тус компанийн холын аяллын галт тэрэгний ердөө 60 хувь нь зорьсон газраа товлосон цагтаа /зургаагаас илүү минут хоцрохгүйгээр/ ирж байжээ. Иймээс 2027 он гэхэд энэ үзүүлэлтийг сайжруулж, 75 хувиас дээш байлгах зорилт тавьсан байна. 

Парисаас Берлин хүртэлх 1100 км-ийн аяллын нэг талын тасалбарын үнэ нь суудлын ангилал, эрэлт зэргээс хамааран 24.99 еврогоос 99 евро хүртэл /26.23-аас 104 ам.доллар/ ба түүнээс дээш үнэтэй ажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг