sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /Reuters/. Хятадын компаниуд болон Москвагийн “сүүдрийн флот” гэгдэх олон хөлөг онгоцыг хамарсан Оросын эсрэг 15 дахь багц хориг арга хэмжээг Европын Холбоо /ЕХ/ баталсан тухай Европын Комисс даваа гарагт мэдэгджээ. 

Шинэ хоригт газрын тос, зэвсэг, үр тариа тээвэрлэхэд тавьсан хязгаарлалтуудаас тойрон гарахыг оролдож буй “сүүдрийн флот”-ын 52 хөлөг онгоцыг нэмж оруулснаар уг жагсаалтад багтсан хөлөг онгоцны нийт тоо 79 болсон байна. Барууны орнуудын зохицуулалт, даатгалд хамрагдаагүй ачаа тээврийн хөлөг онгоцнуудын тоо нэмэгдсэн учраас ЕХ энэ оноос хөлөг онгоцуудыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулж эхэлжээ. Үүнд Умард Солонгосын зэвсэг техникийг Орост нийлүүлж байсан хөлөг онгоцууд багтсан байна.




Үүний зэрэгцээ 84 хувь хүн, аж ахуйн нэгжид шинээр хориг арга хэмжээ авсны дотор Хятадын долоон хувь хүн, аж ахуйн нэгж багтжээ. Тодруулбал, ЕХ-ны хориг арга хэмжээнээс бултан гарахад нь Оросод тусалж буй нэг хувь хүн, хоёр аж ахуйн нэгж, Оросын армид нисгэгчгүй нисэх онгоцны эд анги, бичил электроник эд анги нийлүүлдэг дөрвөн байгууллага орсон байна.




Мөн Оросын эрчим хүчний салбарын ахлах менежерүүд, Умард Солонгосын хоёр өндөр албан тушаалтан, Энэтхэг, Иран, Серб, Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Оросын 20 компани хоригийн жагсаалтад багтжээ. Түүнчлэн Европын иргэн, эрчим хүчний худалдааны “Paramount Energy and Commodities DMCC” компанийн эзэн Нилс Троост багтжээ.




ЕХ-ны орнууд Бельгийн “Euroclear” зэрэг ЕХ-ны үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагуудын зүгээс Оросын Төв банкны хөрөнгийг зохицуулахад учрах саад тотгорыг арилгах зорилгоор санхүүгийн нэмэлт арга хэмжээнүүдийг авчээ. Энэ онд “Долоогийн бүлэг”-ийн гишүүн орнууд Оросын царцаагдсан 300 гаруй тэрбум ам.долларын эх үүсвэрийг ашиглан Украинд 50 тэрбум ам.долларын зээлийг олгохоор тохиролцсон юм.

ЕК одоо ирэх нэгдүгээр сард танилцуулах 16 дахь хориг арга хэмжээг боловсруулж байгаа бөгөөд үүнд Оросын шингэрүүлсэн байгалийн хийн экспорт, ЕХ-ны компаниудын гуравдагч орнууд дахь салбар компаниудын экспортыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч магадгүй гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.


 



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг