sonin.mn

РЕЙКЬЯВИК, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /DW/. Зүүний төвч үзэл баримтлалтай Социал-Демократ холбоо Исландын парламентын ээлжит бус сонгуульд ялалт байгуулсныг ням гарагт танилцуулсан сонгуулийн эцсийн дүн харууллаа.  


Бямба гарагт болсон сонгуульд сөрөг хүчнийхэн сүүлийн долоон жилийн турш эрх барьсан Ерөнхий сайд Бьярни Бенедиктссоны удирддаг Тусгаар тогтнолын нам тэргүүтэй эвслийг ялсан байна.


Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараах байдлаар, Криструн Фростадоуттир тэргүүтэй Социал-Демократ холбоо 20.8 хувийн санал авч нэгдүгээр байрт оржээ. Ингэснээр тус нам Исландын 63 суудалтай парламентад 15 суудалтай болж байгаа нь 2021 оны сонгуулиар 9.9 хувийн дэмжлэг авч байсантай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.


Харин Тусгаар тогтнолын нам 19.4 хувийн санал авч хоёрдугаарт бичигджээ. 2021 онд 24.4 хувийн санал авч байсан тус намын хувьд энэ бол түүхэн доод үзүүлэлт юм. Гуравдугаарт Либерал шинэчлэлийн нам 15.8 хувийн саналаар жагссан байна.


К.Фростадоуттирын дараагийн алхам бол эвслийг бүрдүүлэх түншүүдээ олж, тэдэнтэй тохиролцох явдал юм. Өнгөрсөн зургаадугаар сард Исландын ерөнхийлөгчийн сонгуульд бизнес эрхлэгч эмэгтэй Халла Томасдоуттир ялсан билээ.


Эвсэл яагаад задран унасан бэ?


Б.Бенедиктссон Тусгаар тогтнолын нам, Зүүн-Ногоон хөдөлгөөн, баруун төвийн Дэвшилтэт нам гэсэн гурван намаас бүрдсэн зүүний ба барууны хүчнүүдийн эвслийг удирдаж байсан юм. Гэтэл цагаачлал, орогнол хүсэгчидтэй холбоотой асуудал, эрчим хүч, орон сууцны асуудлын улмаас эвсэл задарсан байна. Улмаар Б.Бенедиктссон парламентын ээлжит сонгуулиас жил орчмын өмнө буюу 10 дугаар сард албан тушаалаасаа огцорчээ.


Тусгаар тогтнолын намын түншүүд ч мөн адил сонгогчдын дэмжлэгийг алдсан байна. Зүүн-Ногоон хөдөлгөөн ердөө 2.3 хувийн санал авснаар парламентад орох 5 хувийн босгыг давж чадаагүй бол 2021 онд 17.3 хувийн санал авч байсан Дэвшилтэт нам дөнгөж 7.8 хувийн санал авчээ.


Хэдийгээр цагаачлалын асуудал нь засгийн газар огцрох шалтгаан болсон боловч таван хүн тутмын нэг нь гадаадад төрсөн тус улсын сонгогчдын дунд энэ нь тэгтлээ хурцадсан асуудал биш юм. Тодруулбал, 11 дүгээр сарын эхээр гаргасан “Gallup”-ийн санал асуулгад оролцогчдын дөнгөж 32 хувь нь цагаачлалын асуудлыг, 18 хувь нь орогнолтой холбоотой асуудлыг тулгамдсан асуудал гэж үзжээ. Тэдний 60 гаруй хувь нь эрүүл мэнд, эдийн засаг, орон сууцны асуудалд хамгийн их санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

 


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг