“Трафигура” групп аль 1998 оноос “Эрдэнэт”-ийн зэсийг зөөсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамгийн том, найдвартай таван түншийн нэгээр шалгарч явсан. Дараа нь Тавантолгойн ордын тээвэрт оролцохоор Монголын, Хятадын компаниудтаы гэрээлснээ олон улсад зарлаж байв. 2011 оны арванхоёрдугаар сард “…Түүхий эдийн аварга “Трафигура” Монгол дахь нүүрс, төмрийн төслүүдийг худалдан авч байна” хэмээн гаднын хэвлэлүүд бичиж байлаа.
Тухайн үед “…”Трафигура” компани 2011 оны эхний гурван улиралд 88.5 тэрбум долларын орлого олжээ. Энэ мөнгөө сайн ашиглаж байна. Тавантолгойн уурхайн нүүрсийг Хятад руу тээвэрлэхийн тулд Монголд нэгэн компанид хөрөнгө оруулалт хийсэн.
Тус компани саяхан Бээжинд төвтэй “Origo Partners Plc” компанитай Монгол дахь нүүрс, төмрийн хүдэрт хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан” гэж байв. Мөн гаднын хэвлэлүүд 2013 онд “…”Трафигура” Оюу толгойн ордыг ашиглах гэрээгээ зөвшөөрөв” гээд мэдээлж байлаа. Тэр жилийн сүүлчээр, арванхоёрдугаар сард “…Түүхий эдийн трейдер “Трафигура” Монголын Оюут олгойн томоохон уурхайн бүтээн байгуулалтын тодорхой бус хэсгийг худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахын тулд санхүүжилт олгохоор тохиролцсон байна. Зэсийн баяжмал зэрэг олон төрлийн металлын зах зээлд худалдаалдаг “Трафигура” байгуулагдсанаасаа хойшх 20 жилд анх удаа тайландаа уг гэрээ хэлэлцээрийн талаар дурджээ.
“…Бид саяхан Монгол дахь Оюу толгой компанитай гэрээ байгуулсан. Бид баяжмалын үнэ мэдэгдэхүйц өснө гэж бодохгүй байна. Гэхдээ үнэ буурах магадлал бага” гэж байв.
Ер нь бол “Трафигура” Монголын байгалийн нөөц дээр олон жил ажилласан. Харин сүүлийн хэдэн жилд нефтийн бүтээгдэхүүнээс эхлээд банк санхүүгийн салбар хүртэл хальж, Монголын эдийн засгийн гол гол судас руу дөхсөн хөрөнгө оруулалтыг хийх болсон. Ялангуяа Э.Жононбаяр Монгол дахь салбарыг нь хариуцах болсноор улс төрийн салбарт ч нэр нөлөөгөө шигтгэсэн. Ийм мэдээлэл маш их байдаг.
Тэгвэл 2024 оны аравдугаар сард гаднын мэдээллийн томоохон агентлагууд “…“Трафигура”-гийн Монгол дахь салбарынхан 1.1 тэрбум ам.долларын луйврын хэрэгт холбогдлоо” гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой “…Covid-19 цар тахлын үеэр Монгол дахь “Лекс ойл” компанийн түншүүд хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Үүний дараа 2022 онд уг асуудлыг “Трафигура” дотоод хяналтаараа илрүүлсэн. Түүнчлэн “Трафигура”-ийн удирдлагууд 2023 онд салбарынхантай уулзахаар Монголд айлчилсан. Гэсэн ч асуудлыг шийдэж чадаагүй. Ингээд Монгол дахь хөрөнгө оруулалт нь алга болсныг ойлгосон” гэж мэдээлсэн. Мөн “…“Трафигура”-гийн Монгол дахь гол түнш “Лекс ойл” ХХК нь алга болсон 1.1 тэрбум долларын өрийг хүлээн зөвшөөрсөн” гэж байсан юм. “Трафигура” ч албан ёсоор “…Хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа ч “Трафигура” группын хувьд үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэл гэдгийг тогтоосон. Үүнээс үүдсэн нийт хохирлын багагүй хувийг Монгол дахь манай “Трафигура” компанийн төлөх өр гэж хүлээн зөвшөөрсөн.
Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна. Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдэгдэл хийсэн. Түүнчлэн тус группын гүйцэтгэх захирал Жереми Уэйр ч албан ёсны мэдэгдлээрээ “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим ёс суртахуун байхгүй. Харин энэ тохиолдолд бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна” гэсэн нь анхаарал татав. Монголын байгалийн нөөцөд нүд унагаж, олон жил ашиг хүртэж ирсэн “Трафигура” энэ удаад Монголоос холдохоор шийдсэн бололтой. Америкт болсон никелийн хэрэгт түнш нь, Ангол дахь авлигын хэрэгт үүсгэн байгуулагч нь холбогдох зэргээр тус компани нэр хүнддээ олон цохилт авч байна. Тэдгээр хэрэгт ямар нэг сөрөг байр суурь илэрхийлээгүй байна. Харин Монгол дахь салбарынхаа 1.1 тэрбумын асуудлын талаар шуудхан л “…Монгол дахь үйл ажиллагаанаас тусдаа асуудал” гэсэн нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Гэвч Монгол дахь үйл ажиллагааных нь талаар гаднын хэвлэлүүд
“…Монголын шатахууны бизнес нь импортын янз бүрийн түлшийг хольж, бэлэн мөнгөний хомсдолд орсон орон нутгийн нүүрс, түлшний уурхайнуудад зээлээр өгч мөнгө олдог нь “Трафигура” компанид өндөр ашиг авчирсан” гэж бичиж байна.
Үүнээс гадна саяхан “Лекс ойл” компани нь “Трафигура”-гийн Монголд алдсан 1.1. тэрбум ам.долларын талаас илүүтэй нь холбогдож, тус группын ажилтнууд үлдсэн 500 сая ам.доларынхаа эрэлд гарсан талаар нууц эх сурвалжууд томоохон агентлагуудад мэдээлжээ. Эндээс үүдээд “…”Лекс ойл” буюу Э.Жононбаяр нар “…600 сая ам.долларыг түншүүддээ алдсан гэдгээ баримтаар нотолсон бололтой. Харин “Трафигура”-гийн 500 сая долларыг яаснаа манай “жонон” юу гэж тайлбарласан бол” гэцгээгээд эхэллээ. Учир нь “Лекс ойл” компаниас зээл аваад алга болсон түншүүд нь бас л тэдний хамаарал бүхий компаниуд байх вий” гэж буй юм байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл3
р.болдын хууль бус хүү жононбаяр их л дээгүүр дэвээд байсан юм ийм учиртай байжээ!!!
Ааваас нь асуу даа
Алим модноосоо хол унадаггүй гэж, эцгээс нь гарч ирж мэднэ дээ. Гэхдээ энэ 600 сая доллар ч хууль бус хөрөнгө. Монголд хуурамч шатахуун зарж маш их хөрөнгөтэй болсон. Юун 600 хан сая. Монголчуудад учруулсан хохирлыг тооцвол 6 тэрбум орчим доллар лав болно.