sonin.mn

КИЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /VOA/. Оростой хийж буй дайн урьдчилан таамаглах аргагүй шинэ үе шатанд орж байгаа тул Украин улсыг НАТО-д элсүүлэх тал дээр тус эвслийн орнуудыг ятгахад туслахыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй Жо Байдены засаг захиргаанд хандан уриалжээ. Украиныг тус эвсэлд нэгдэх урилгыг Брюссельд энэ долоо хоногт болох НАТО-гийн уулзалтын үеэр өгнө гэж Киев найдаж байгаа ажээ. 


Оростой хийж буй дайнд Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэхээр үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө Киевт айлчилж буй Европын Холбооны Зөвлөлийн шинэ дарга Антониу Коштагийн хамтаар В.Зеленский сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. 


Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп удахгүй тангараг өргөх гэж байгаа энэ үед Украины байр суурийг бэхжүүлэхийг оролдож буй В.Зеленский "НАТО-гийн зарим холбоотон улс Украиныг эвсэлд элсэхийг урихаас эмээсэн хэвээр байгааг" хүлээн зөвшөөрчээ. “АНУ-ын одоогийн засаг захиргаанд хоёр сар үлдээд байна. Тэд НАТО дахь бидний ирээдүйн талаарх "гутранги бодолтой" цөөн хэдэн хүнд нөлөөлж чадна" гэж тэрбээр хэлжээ. 


Харин Д.Трампын хувьд, тэрбээр Украинд үзүүлж буй Америкийн тусламжийн цар хүрээг шүүмжилж, дайныг хурдан дуусгана гэж мэдэгдсэн боловч хэрхэн дуусгах вэ гэдгийг тодорхой хэлээгүй юм. Энэ мэдэгдэл нь энхийн хэлэлцээ хийх магадлалыг нэмэгдүүлж байна гэж  Орос, Украины талууд дүгнэж байна. Хоёр тал тулалдааны талбар дахь байрлал болон холбоотон орнуудын дундах байр сууриа бэхжүүлэхийг хичээж байна. 


Оросын цэргүүд Донбассын бүс нутаг дахь давшилтынхаа хүрээнд Украины зүүн нутгийн тосгон суурингуудыг ээлж дараалан эзлэн авч, өвөл болж буй энэ үед Украины эрчим хүчний дэд бүтцийг онилон агаараас довтолж байна.


Оросын нутаг дэвсгэрийн гүнд барууны орнуудын зэвсгийг ашиглан цохилт өгөхийг Ж.Байдены засаг захиргаа Украинд өнгөрсөн сард зөвшөөрсөн юм. Оросын тал хариуд нь Украин руу дунд зайн тусгалын шинэ баллистик пуужингаар довтолж, Киев дэх засгийн газрын байрууд руу цохилт өгнө гэж сүрдүүлэв. Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг тус улсын эрх баригчид Москвагаас шаардаж, түүнчлэн ОХУ дахин довтлохоос сэргийлэхийн тулд Украинд НАТО-гийн гишүүнчлэлтэй дүйцэхүйц аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой гэж шаардсаар ирсэн юм. Харин Украины газар нутгийн бараг тавны нэгийг хяналтдаа аваад байгаа Оросын тал өөртөө нэгтгэсэн Украины газар нутгийг, мөн Украины "байнга төвийг сахих статус"-ыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа юм. 


Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа В.Зеленский Украины зарим нутгийг Орос эзэлсэн ч гэлээ НАТО-д гишүүнээр элсэх тухай санаагаа дэвшүүлж, энэ нь дайны “халуун үе”-ийг эцэслэх боломжтой шийдэл гэж нэрлэжээ.


Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрбээр тус эвсэлд элсэх аливаа урилга нь Оросын цэргүүдэд эзлэгдсэн бүс нутгуудад эвслийн орнуудыг хамгаалах хамтын гэрээ үйлчлэхгүй байсан ч гэсэн Украины бүх нутаг дэвсгэрийг хамарсан байх ёстой гэдгийг онцолжээ. Европын Холбооны гадаад бодлогын асуудал хариуцсан шинэ комиссар болон Европын Холбоог өргөжүүлэх асуудал хариуцсан газрын дарга нарын хамтаар Киевт хүрэлцэн ирсэн Кошта мэдэгдэхдээ, Европын Холбоо “энэ түрэмгий дайн эхэлсэн өдрөөс та бүхнийг дэмжиж ирсэн бөгөөд та бүхэн бидэнд найдаж болно” гэжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг