sonin.mn

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн, Эдийн засагч, эрх зүйч Б.Жаргаланг урьж ярилцлаа.

 

Эдийн засгаа гадаад зах зээл рүү тэлэх хэрэгтэй


Батбаярын ЖАРГАЛАН Монгол Улсын Их Хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ


  • 2005 онд АНУ Колумбын их сургууль /Эдийн засагч/
  • 2020 онд Монгол улсын их сургууль /Эрх зүйч/


АЖИЛЛАСАН БАЙДАЛ


  • 2006-2012 онд ЗанадуАРТ галерей, Үүсгэн байгуулагч
  • 2009-2011 онд “Ес далан зургаа” сэтгүүл, Ерөнхий эрхлэгч
  • 2006-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүний ажлын алба, Орон тооны бус зөвлөх
  • 2012-2013 онд Эдийн засгийн хөгжлийн яам, Сайдын орон тооны бус зөвлөх
  • 2013-2016 онд “Элүдэй” ХХК, Бизнес хөгжил хариуцсан захирал
  • 2016 оноос “Монгол түлхүүр” ХХК, Гүйцэтгэх захирал
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


ГАДААД ХЭЛ


  • Англи, Орос, Хятад

 

-Манай улсын ДНБ-ий 60-70 хувь нь ямар нэгэн хэлбэрээр улсын төсөв болж төрийн өмчит компаниуд буюу төрөөс хамааралтай болсон байна. Уг нь бид 34 жилийн өмнө арай ядан төвлөрсөн төлөвлөгөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн боловч өнгөрсөн хугацаанд олж авсан эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хувьсгалаасаа дахиад ухарчихсан. Бүх зүйл төсөв, мөнгө, төрөөс хамааралтай болсон цаг мөчид ирсэн байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг богино хугацаанд засаж залруулах вэ гэдэг асуудал бидэнд тулгараад байна.


Монгол Улс нээлттэй жижиг эдийн засагтай орон. Гэвч салбар бүрд монопол акулууд олширсон. Хөндлөнгөөс шинэ тоглогчид орж ирэхэд их төвөгтэй зах зээлтэй болсон. Өрсөлдөөнийг нээхийн тулд аль болох зах зээлээ гадаад хөрөнгө оруулалтаар тэлэх хэрэгтэй. Ингэснээр зах зээл маань илүү эрүүл болох юм.


Энэ чиглэлд анхаарал хандуулж ажилламаар байна. Тиймээс УИХ- дахь Ардчилсан намын бүлэг, Конрад Аденауэр сантай хамтран “Чөлөөт зах зээлийн экосфер, эрх чөлөөг эрхэмлэв” сэдэвт эдийн засгийн чуулганыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь хувийн өмчийг хамгаалсан, өрсөлдөөнт, нээлттэй байх суурь нөхцөлүүд, зах зээл дэх оролцогчдын үүрэг хариуцлага, ёс зүй, оновчтой зохицуулалт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Монголын эдийн засгийн тогтолцоо нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн шинжээ улам бүр алдаж төрийн оролцоо давамгайлсан, төрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд ноёлсон болж байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс бизнесийн орчны цогц асуудлыг “Чөлөөт зах зээлийн экосфер” хэмээн тодотгож, хамгаалалтгүй болж, орон зай нь хумигдаж буй хувийн өмчид суурилсан, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэгч хүчин зүйлсийг нэгтгэн хэлэлцэх шаардлага үүсээд байна. Монгол Улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай болох үеийг та бүхэн санаж байгаа байх. 2011 онд Монгол Улсын ДНБ 17.1 хувь болж өссөн байдаг. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар АН хамгийн олон суудал авч, “Шинэчлэлийн” гэх хамтарсан Засгийн газар байгуулан “Mongolia is open for business” гэдгээ зарлан, тунхаглаж байв. Манай улс 20 жилийн дотор төвлөрсөн төлөвлөгөөт, хаалттай эдийн засагтай, нэг намын дарангуйлал бүхий коммунист тогтолцоотой улс орноос хувийн өмчид суурилсан, нээлттэй эдийн засаг бүхий ардчилсан улс болж хөгжөөд зогсохгүй, дэлхийд тэргүүлэх эдийн засгийн өсөлтийг үзүүлж чадсан.


Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулагчид “Minegolia” гэдэг хочтой болгож байв


-Мэдээж энэхүү амжилт уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой. 2004-2005 оноос эхэлсэн дэлхийн уул уурхайн супер цикл манай улсад нөлөөллөө үзүүлсэн байдаг. Дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болох Оюутолгой хэмээх орд газар нээгдсэн тухай мэдээ дэлхий дахинд хүрч, Роберт Фрийдланд хэмээх нэгэн эр өөрийн компанийн төслийг сурталчлахын тулд дэлхий даяар Монгол Улсыг сурталчилж, уул уурхайн салбарын потенциалыг дэлхийд таниулж чадсан.


Энэ бүхэн Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд аваачиж, манай улс “Minegolia” гэдэг хочтой болж байв. Улмаар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, тус төслийн бүтээн байгуулалт эхэлснээр манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, эдийн засаг сайжирч эхлэв.


Тэр үед Монгол руу олон улсын хөрөнгө оруулагч нар хошуурч, дэлхийн том брэндүүд орж ирж байлаа. “Луи Вьюттон” Сүхбаатарын талбайд бүхэл бүтэн байгууламж бариад нээлтээ хийж байсныг санаж байна уу. 2000-аад оны дунд үеэс манай улс нүүрс экспортолж эхэлсэн. Эхэн үедээ жилд ганц хоёрхон сая тонн нүүрс гаргаж байсан бол улмаар экспортын биет хэмжээ болон орлого жил ирэх тусам нэмэгдсэн. Би 2006 онд АНУ-д сургуулиа төгсөөд эх орондоо ирж байлаа. Тэр үед Улаанбаатарт боломж хайж ирсэн гадаадынхан холхиж, бүх төрлийн шинэ бизнес дөнгөж үүд хаалгаа нээж байсан. Олигтой кофе ч олддоггүй байсан хот нэг мэдэхэд хэдэн зуун кофе шоптой болсон байдаг. Барууны их, дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн манай үеийнхэн бүхий л салбарт олон улсын стандарт нэвтрүүлэх гэж хичээж ажилласан. Бид гаднаас мэдлэг, ноу-хау олж ирэх ёстой гэдгээ ухамсарлаж байсан. Учир нь бид ардчилсан хувьсгалын мөрөөдөл, амлалтыг мэдэрч өссөн учраас хариуцлагаа ч ойлгож байв.


Ардчилал монголчуудад эрх чөлөө амласан. Өөрөө өөртөө, эх орондоо эзэн байх, шийдвэр гаргах, дуртай ажил, мэргэжлээ сонгох, хүссэн газраа оршин суух, чөлөөтэй зорчих, үзэл бодлоо илэрхийлэх, хүссэн амьдралаа өөрийн гараар бүтээх эрх чөлөө олгосон. Хамгийн чухал нь, ардчиллын ачаар монголчууд хувийн өмчтэй болсон.


1990 онд монголчууд барууны өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн адил хангалуун сайхан амьдрах, илүү сайхан ирээдүй, мөрөөдлөө бүтээхийн тулд улаан паспортоо өвөртлөөд хилийн дээс алхсан. Компани, нөхөрлөл байгуулсан. Наймаа, үйлдвэрлэл хийх гэж оролдсон. Малаа өсгөсөн, тариа тарьсан. Монголчууд бүгдээрээ дор бүрнээ хичээсэн. Тийм ч учраас өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 5.5 дахин тэлжээ. 1989 онд манай улсын ДНБ 3.6 тэрбум ам.доллартой тэнцэж байсан. Өнөөдөр энэ тоо 20 тэрбум ам.долларт хүрчээ.


Сүүлийн 30 гаруй жилд манай эдийн засаг 5.5 дахин өссөн бол бол Хятадынх 50 дахин өссөн


-Манай эдийн засаг сүүлийн 30 гаруй жилд 5.5 дахин тэлсэн гэхээр амжилт мэт сонсогдох боловч энэ хугацаанд Хятадын эдийн засаг 50 дахин өсжээ. 1989 онд 350 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан урд хөрш маань өдгөө 18 их наяд ам.долларын эдийн засагтай болсноор дэлхийд хоёрт бичигдэж байна. Гэтэл Монголчууд бид зөвхөн уул уурхайн супер циклийн үед, Оюутолгойн гэрээ байгуулагдсан зурвасхан хугацаанд эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байхад 30 жилийн гэрээ хийнэ гэдэг ямар урт хугацаа вэ гэж бодож байв. Тэгвэл өнөөдөр Оюутолгойн гэрээ байгуулснаас хойш хэдийн 15 жил өнгөрчээ. Гэтэл энэ хугацаанд бид нэг ч шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсангүй.


Монголчуудын дотоод өрсөлдөөнөөс шалтгаалаад Таван толгойд гадаадын хөрөнгө оруулалт, технологи оруулж ирэлгүй төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулсан. Энэ нь эргээд шал өөр асуудлууд дагуулж байх жишээтэй. Монгол Улсад 1990-2023 онд нийт 43 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгджээ.


Сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлсэн байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үндсэндээ шувтарч байгаа. Тэгвэл дараагийн хөрөнгө оруулалт хаанаас, аль салбарт орж ирэх вэ гэдэг асуудал бий. Өнөөдөр Монгол Улсад 250.776 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн есөн хүн тутамд нэг аж ахуйн нэгж ноогдож байна гэсэн үг. Компани байгуулж, бизнес хийхийг зорьдог гэдгээрээ монголчууд бид маш идэвх санаачилгатай, бизнес сэтгэлгээтэй хүмүүсийн тоонд орно. Дэлхий дахинд 360 сая аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд насанд хүрсэн 16 хүн тутамд нэг аж ахуйн нэгж ноогддог гэсэн үг. Манай үзүүлэлт дэлхийн дунджаас хавьгүй илүү өндөр гэсэн үг юм. Нөгөөтээгүүр, манай улсад бүртгэлтэй компаниудын ердөө 42 хувь буюу 104.591 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ анх ямар нэг бизнес санаа гаргаад, компани байгуулдаг боловч төд удалгүй тухайн компаниа авч явах боломжгүй болдог гэсэн үг.


“ТОП 100” шинэчлэгдэхгүй байна гэдэг нь эдийн засаг эрүүлжихгүй байгаагийн шинж


-Дэлхийн номер нэг эдийн засаг болох АНУ нь “Company density” буюу аж ахуй нэгжийн нягтаршлаараа дэлхийд тэргүүлдэг. Америкт өдөр бүр маш олон компани төрж байдаг учраас тус улс инновацлаг байдлаараа өрсөлдөх чадвараа хадгалж байгаа. Харин манайд жижиг аж ахуй нэгжүүд гарч ирдэг боловч томорч чадахгүй, удаан оршин тогтнохгүй байна.


Сая MYXAYT-аас топ 250 аж ахуйн нэгжийг танилцуулсан бөгөөд тэдгээрийн борлуулалтын орлого нь манай улсын ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа тухай мэдээ гарсан. Тэгвэл аварга том компаниудтай АНУ-д, “Fortune 500” жагсаалтад багтдаг аж ахуйн нэгжүүдийн борлуулалт тухайн улсын ДНБ-ийн 68 орчим хувьтай тэнцэж байна.


Түүнчлэн манайд топ компаниудын нэр төрөл төдийлөн өөрчлөгдөхгүй байна. 10, 20 жилийн өмнө “ТОП 100”-д ордог байсан компаниуд одоо ч гэсэн тэндээ байж л байдаг. Disruption хийгдэхгүй байна гэдэг эдийн засаг эрүүлжихгүй байгаагийн шинж. Бид нөөцөө зөв хуваарилж чадахгүй байна гэсэн үг. Энэ утгаараа хувийн хэвшил маань асуудлын шийдэл, гарц бус, бөглөрөл болж байна. Бүр тодруулбал, том жижиг компаниуд ялгаагүй жижигхэн зах зээлд өрсөлдлөө. Энэ нь улс төрийн орчинд ч тэр эдийн засаг, бизнесийн орчинд ч тэр маш их зөрчлүүдийг дагуулсаар байгаад бид байнга асуудал ярьдаг улс болсон. Өөр хоорондоо бие, биеэ муулдаг. Тэгвэл үүнийгээ болиод илүү том зүйл рүү тэмүүлэх ёстой. Ингэхийн тулд бид гадаад зах зээл рүү л гарах ёстой. Гадаад зах дээлд гарах хоёр үндсэн арга байна. Нэгдүгээрт, уул уурхайн нөөц баялагтаа тулгуурлаж гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой. Хоёрдугаарт, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх. Нүүрс, зэс зарах харьцангуй амархан. Харин ноос ноолуурын зах зээлээ бүрэн барьж чадаж байна уу. Малын түүхий эд, малын махаа дэлхийд үнэд хүргэж чадаж байна уу гэх мэтчилэн эдгээр асуудлаа ярьж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ үнэд хүргэх ажлаа хийх хэрэгтэй. Энэ үед бизнесийн өрсөлдөөнт байдал шинэ түвшинд гарна. Ер нь хэн илүү гадаад зах зээлээс валют олж ирнэ тэр хэрээр манай эдийн засаг эрүүл болно.


Уул уурхайн огцом өсөлтийн улмаас маш цөөн хүн огцом хөрөнгөжиж, улс төрийн эрх мэдлээр дамжуулан эдийн засгийн маш их эрх мэдэл, өмч хөрөнгө олж авсан. Энэ нь зөвхөн улс төрчдөөс хамаарсан үйл явц биш бөгөөд тухайн үеийн бизнесийн томчуудын нийтлэг чиг хандлага ч маш их нөлөөтэй байсан гэж боддог.


Төрөөс хамааралтай бизнестэй, түүнийгээ хамгаалахын тулд улс төрчдөд нөлөөлдөг, ингэснээр улс төрийг бохирдуулаад зогсохгүй бизнесийн орчныг бүхэлд нь сэвтүүлж, өрсөлдөөнт бус зах зээл бий болгосон. Энэ хугацаанд зарим томоохон компанийн байгууллагын соёл нь хүртэл төрийн бүтэц шиг хүнд сурталтай болжээ. 34 жилийн туршид хөгжүүлсэн цөөн тооны томоохон корпорац маань өдийд уул уурхайн бус, экспортын зах зээлд манлайлж, эх орондоо шинэ технологи, ноу-хау нэвтрүүлэхэд хүчин зүтгэх ёстой байлаа. Гэтэл компанийн засаглалын хувьд улам суларч, илүү өрсөлдөх чадвар муутай болж байна. Анх бид БНСУ, Япон Улсын эдийн засгийн хөгжлийн нууц нь үндэсний корпорацууддаа байдаг юм байна. Том компаниудын хаялгад жижиг, дунд үйлдвэрлэл хөгждөг юм байна. Хэд хэдэн чаеболтой болчихвол дэлхийд гарах юм байна гэхчлэн мөрөөддөг байсан бол өнөөдөр манай томчууд дорвитой экспорт хийж чадахгүй байгаагаар үл барам, зах зээлээ жижгүүдтэйгээ булаалдсан хэвээр байна. Тиймээс манай бизнесийнхэн ч мөн алдаа, дутагдлаа өөрсдөөсөө хайж эхэлмээр байна. Бид 1990 онд эдийн засгаа хувийн хэвшил суурьтайгаар хөгжүүлэх зорилго тавьсан боловч хувийн хэвшлийнхэн өөрсдийн хамтын эрх ашгийг хамгаалахгүй, эрх баригчдын ая талыг засах замаар зөвхөн амин хувийн эрх ашгаа бодсоор ирсэн учраас дахиад данхар төр, данхайсан төсөв бий болгов.


Мэдээж АН ямагт хувийн хэвшлээ өмгөөлнө, хувийн өмчийг дээдэлж, өмчлөх эрхийг хамгаална. Харин одоо бид хамтдаа дэлхийд өрсөлдөх чадвартай монгол компаниудыг босгож ирэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд эхний ээлжид дотооддоо эрүүлээр өрсөлдөж сурах ёстой.


“Нийгмийн хариуцлага” гэх ганган нэр томьёо хэсэг моодонд орж, компаниуд маань нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэг тарих, цэцэрлэг тохижуулах ажил хийсэн. Гэвч нийгмийн хариуцлага хэмээх энэхүү ойлголт нь хандивын, эсвэл хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Монгол Улсын иргэн бүр үндсэн үүрэгтэй байдаг шиг компаниуд ч тухайн нийгмээ бүтээлцэхэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, зөвхөн ашиг, орлого хөөхөөс гадна нийгмийн ач тусыг бодох, үйл ажиллагааныхаа сайн, муу үр дагаврыг тооцоолох чиг үүргээ бодолцох хэрэгтэй.


Бид авлигыг наанаа үзэн яддаг атлаа цаанаа авлига өгөөд ажлаа бүтээдэг байж болохгүй


-Урт хугацааны улс төр бол ямар нэгэн төсөл, хөтөлбөрөөс илүү итгэл үнэмшил, ёс зүй, мөрөөдөл юм байна гэдэгт би хувьдаа итгэх болсон. Мөн итгэлцэл, ойлголцол. Өнөөдөр бидний өмнө тулгамдаад буй үй түмэн асуудалд үй түмэн шийдэл бий. Зөвхөн багахан менежмент, үл ялиг зохион байгуулалт хэрэгтэй. Бусад улс оронд байдаг том асуудал үнэндээ бидэнд байхгүй. Шашны зөрчил, үндэстэн ястны мөргөлдөөн, хил хязгаарын маргаан, дайн байлдаан, байгалийн гамшиг зэрэг бусад улс үндэстний өмнө тулгамдаж буй дааж давшгүй асуудлууд бидэнд байхгүй шүү дээ.Тиймээс бид ойлголцоод, нийгмийнхээ потенциалыг бүрэн дүүрэн ашиглаж чадах юм бол утаа, түгжрэл мэт жижиг сажиг ахуйн асуудлаа богино хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжтой гэж хардаг. Нөгөөтээгүүр, 34 жилийн өндөрлөгөөс харахад бидний олон мөрөөдөл замхран одсон байна. Цөөхөн хэдэн хүн эрх мэдэлдээ бялуурч, харин монголчуудын дийлэнх олонх нь өдөр тутмын амьдралдаа нухчин дарагджээ. Хорин жилийн өмнө хүмүүс мэдлэг олж авах, валют цуглуулах, туршлага хуримтлуулах гэж гадагшаа явж байсан. Тэд зорилгоо биелүүлээд эх орондоо ирж амьдрах зорилготой байсан бол өнөөдөр залуус эх орондоо ажиллаж, амьдрах ирээдүй олж харахгүй байгаа тул гадагшаа цувж байна. Өөрөөр хэлбэл, ардчиллын мөрөөдөл замхран одож байна. Хувь хүн мэдлэг боловсрол олж аваад, шударгаар хөдөлмөрлөж чадах юм бол амжилтад хүрнэ, хангалуун сайхан амьдарна гэдэг мөрөөдөл устаж байна. Яагаад вэ гэхээр улс төр дэндүү бохир байна. Ардчилал аюул заналд өртөөд байна. Ардчиллын мөрөөдлийг хамгаалахын тулд бидний хэсэг нөхөд АН-аа шинэчлэхийн тулд хэрэн дээ хичээж ажилласан. Учир нь ардчиллын мөрөөдлийг хамгаалахын тулд ардчилсан тогтолцоогоо хамгаалах ёстой.


Дотоодын “champions” бий болох ёстой


Энэ бол АН-ынхны хийж чаддаг ажил. Гэхдээ энэ удаад бид хувийн хэвшил, та бүхэнтэйгээ хамтарч хийх ёстой. 15 жилийн өмнө Монгол Улсыг дэлхийн тавцанд таниулж чадсан хүн Роберт Фрийдланд байсан бол энэ удаад монголчууд бид өөрсдөө явах ёстой. Дотоодын champions бий болох ёстой. Улс төрд байгаа залуус нь бизнесийн залуустайгаа нийлээд гаднаас хөрөнгө оруулалт татмаар байна. Хөрөнгө оруулалт татахаас гадна уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлэх, шинэ зах зээл эрэлхийлэх шаардлагатай байна. Өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулсан. Бизнесийнхэнтэй хамтарч ажиллана. Манай улсын экспортын 90-ээс дээш хувь зөвхөн уул уурхайн түүхий эд байгаа бол бид яаж хамгийн боломжит богино хугацаанд уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлэх вэ гэдэгт толгойгоо ажиллуулах шаардлагатай байна.


Монголын компаниуд жижиг зах зээлээ булаацалдаж, өөр хоорондоо өрсөлддөг бус, нэгдэж нийлээд өөр том зах зээл эрэлхийлдэг, гадагшаа гарснаараа бахархдаг, аархдаг баймаар байна.


Анхны супер цикл эхлэх үед АН-ынхны санаачилсан дөрөв арвын татварын бодлого эдийн засгийг эрчимжүүлэхэд түлхэц болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн хамтарсан Засгийн газарт ажиллаж буй АН-ын сайд нар хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд дорвитой ахиц, дэвшил гаргана гэж харж байгаа. Өнөөдөр Хууль зүйн сайдаар О.Алтангэрэл ажиллаж байна. Elon Musk-ын яриад байгаа DOGE бол манайхаар Хяналт, үнэлгээний үндэсний хороо буюу Э.Одбаяр сайдын удирдаж буй яам юм. Төрийн уйл ажиллагааг шилэн, цахим болгоод зогсохгүй, бизнесийн орчинд дижитал шилжилт хийх ажлыг Ц.Баатархүү сайд хариуцаж буй. Гуравдугаарт, орон сууц, амьдрах орчинтой холбоотой асуудлыг АН-аас томилогдсон сайд нар шийдвэрлэнэ. Өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ж.Батсуурь ажиллаж байгаа. Мөн “Хорин минутын хот”-ын сайдаар Р.Эрдэнэбүрэн ажиллаж байна. Өмнө нь бид энэ салбарт 40 мянган айлын орон сууц, “Гудамж” төсөл зэрэг сайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол энэ удаад ч ялгаагүй иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дорвитой ажил хийхээр төлөвлөж байна.


Паспортоо өвөртлөөд дэлхийд гаръя


-Асуудал яриад л байвал яриад л байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд шийдэл ярья гэж уриалж байгаа юм. Түүнээс гадна шинэ үеийн бизнесменүүд улс төрөөс битгий дөлөөч. Улс төрийн итгэл үнэм­шилтэй байна гэдэг айж, ичих зүйл биш. Нөгөө талаас монголчууд би­дэнд маш олон давуу тал байсаар байна. Монгол бол ардчилсан, хуулийн засаг­лалтай, нээлттэй, чөлөөт эдийн за­сагтай, дэлхийн хоёр том зах зээлийн голд оршдог, газар зүйн байршил сайтай улс. Монгол бол байгалийн нөөц баялаг ихтэй улс. Энэ бүх давуу талаа ашиглая. Өөрсдийн цаг хугацаандаа асуудлуудаа шийдье. Дэлхийд гарч хөрөнгө оруулалт татацгаая.

 



Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин