СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /Yonhap/. Хуванцар хог хаягдалтай тэмцэх тухай гэрээ боловсруулах асуудлаарх олон улсын хэлэлцээний тав дахь үе шат ням гарагт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөж, төлөөлөгчид хэлэлцээг дараа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Хуванцар хаягдлын асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо /INC/ хуванцар хаягдалтай тэмцэх асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Бусан хотод өнгөрсөн даваа гаргаас ням гаргийн хооронд хуралдсан юм.
INC-ийн дарга Луис Ваяс Вальдивиесогийн мэдэгдсэнээр, хэлэлцээнд оролцогчид хурлын эцсийн өдөр хүртэл ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй боловч багагүй ахиц дэвшил гарчээ. Тэрбээр ням гарагт болсон чуулганы эцсийн хуралдаан оролцож үг хэлэхдээ, маргаантай асуудлуудыг бодитоор шийдвэрлэхэд илүү их цаг хугацаа шаардлагатай бөгөөд хэлэлцээг дуусгахын тулд тав дахь удаагийн хэлэлцээг дараа дахин хийж эхлэхээр тохиролцсон байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Тэ Юл үг хэлэхдээ, гишүүн орнууд хуванцар хаягдалтай тэмцэх тухай олон улсын заавал дагаж мөрдөх гэрээ байгуулах зорилтоосоо ухрах ёсгүй гэдгийг онцоллоо.
Мөн тав дахь удаагийн хэлэлцээ нь гэрээний бат бөх суурийг тавихад хувь нэмэр оруулсан тул гишүүн орнууд үүгээрээ бахархах ёстой хэмээн хэлжээ.Олборлодог түлшнээс гаргаж авдаг гол түүхий эд болох хуванцар, хуванцар полимерийн үйлдвэрлэлийг зохицуулах, мөн эцсийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн талаар санал зөрөлдөөн үүссэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Дэлхийн хуванцрын хамгийн том үйлдвэрлэгч Хятад улс хамтран ажиллах байр суурьтай байгаа бол Саудын Араб, ОХУ зэрэг газрын тос олборлогч орнууд хуванцрын үйлдвэрлэлийг хянан зохицуулахыг эрс эсэргүүцэж байна.
INC хороо нь 2040 он гэхэд хуванцар хог хаягдлыг зогсоох үүрэг амлалтад тулгуурлан хуванцар хаягдлын талаар “олон улсын заавал дагаж мөрдөх баримт бичиг” боловсруулах зорилготой НҮБ-ын тогтоолын дагуу 2022 онд байгуулагдсан юм. Тус хороо байгаль орчин, хүний эрүүл мэндийг хуванцар хаягдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, үйлдвэрлэл, хэрэглээнээс эхлээд хаягдал болох хүртэлх хугацааг бүрэн хамарсан цогц баримт бичгийг боловсруулахыг зорьж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
гэрээ үзэгдэхээр л монголын эргүү я-нууд саймшран даяаршиж байгаа ардчилал гэж монгол улсыг боймлох торгуульд орох юм хийнэ