sonin.mn

МАНИЛА, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /NHK/. Азийн хөгжлийн банкны /АХБ/ шинэ ерөнхийлөгчөөр Японы мөнгөн тэмдэгтийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан Масато Кандаг томилжээ. Тэрбээр иений ханшийн уналтыг зогсоохын тулд сүүлийн үед их хэмжээний валютын интервенц хийх шийдвэрийг гаргаж байсан Сангийн дэд сайд асан юм. М.Канда АХБ-ны ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ.


Тэрбээр хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутгийн иж бүрэн, тогтвортой хөгжилд АХБ ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн. Ийм өндөр үүрэг ач холбогдолтой олон улсын байгууллагын тэргүүнээр ажиллахдаа бүх хүчээ дайчлах болно гэв.


Филиппиний нийслэл Манила хотод төв байртай АХБ нь Ази тивд дэд бүтцийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгоор 1966 онд байгуулагдсан юм. Японы Засгийн газраас М.Кандаг шинэ ерөнхийлөгчөөр томилохыг санал болгожээ. Тэрбээр албан тушаалаасаа удахгүй буух гэж буй АХБ-ны ерөнхийлөгч Масацүгү Асакавагийн халааг авах цорын ганц нэр дэвшигч байсан юм. Түүнийг нэр дэвшүүлэхийг гишүүн орнууд санал нэгтэй дэмжсэн байна.


М.Канда өнгөрсөн гурван жилийн хугацаанд Олон улсын асуудал эрхэлсэн Сангийн дэд сайдын албыг хашиж байлаа. Тэрбээр одоо Засгийн газрын санхүү, олон улсын эдийн засгийн асуудал эрхэлсэн тусгай зөвлөхөөр ажиллаж байна. М.Канда 1987 онд Сангийн яаманд ажилд орж, гол албан тушаалуудыг хашиж байжээ.


Тэрбээр ирэх оны хоёрдугаар сараас АХБ-ыг удирдана. АХБ-ны 10 ерөнхийлөгч бүгд тус банкны хамгийн том хандивлагч орон болох Японы иргэд байсан юм. Өдгөө АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн өсөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардагдах санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй үеийн сорилттой тулгарч байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг