sonin.mn

Ази, Номхон далайн орнуудын сайд нарын бага хуралд оролцож байгаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан аргагүй улс орныхоо дотоод үйл хэрэг, гадаад хүчин зүйлс, гадаад дотоод бодлогын уялдаа холбоог ойлгодог дипломат арга барилтай улстөрч болохоо харуулж явна. Түүний дипломат хэв шинж нь зарим тохиолдолд сул тал мэт харагдах үе байдаг. Ялангуяа Монголын улс төр халсан нөхцөл байдлын дунд С.Амарсайхан төвийг сахих, эв зүйг баримтлах гэж хичээх, хурц байр суурь илэрхийлж, аливаа асуудлыг дэвэргэхгүй байх зэрэг арга барил нь түүний дутагдал мэт харагдуулах нь цөөнгүй. Энэ нь түүний илэрхийлсэн "Төрт ёсны үйл хэрэг хувь хүний сэтгэлийн хөөрөл, явцуу улс төр, үзэл суртлын толь, тусгал байж учиргүй.


"Төрийн хүн” гэж шаардлагатай тохиолдолд саад бэрхшээлийг ажирдаггүй, саар мууд тордоггүй, сэтгэлийн эмзэглэл, зүрхний шарх, тархины цочрол гэгчийг мэддэггүй мэт ноён нуруу, зориг тэвчээрийн туйл “Хүн хат” явж, улс орон маань оршихуйн үндэс болсон Төрт ёс, эрх зүйт уламжлалыг зүрх сэтгэлийн угтаа тээж явах ёстой"- тэй, мөн түүний суурь боловсрол, ажил амьдралын туршлагатай холбоотой.


Тэрбээр АНУ-д дээд боловсрол эзэмшиж ирснийхээ дараа БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташегаар ажиллаж, 10 гаруй жил аж ахуй, хувийн бизнес амжилттай эрхэлж байгаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч, Иргэдийн хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан. Сүүлд 2020 онд УИХ-ын гишүүн болоод УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Төсөв санхүү, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, бодлогын байнгын хороонд ажиллаж байсан зэрэг нь гадаад дотоод үйл ажиллагаа, гадаад харилцааны чиглэлд өгөгдөлтэй улстөрч болохыг нь илтгэнэ.


Тэгвэл Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотод болж буй энэ удаагийн сайд нарын бага хуралд С.Амарсайханы тэрхүү дипломат дүр төрх, арга барил, дадал туршлага ихээхэн эерэг нэр хүндийг авчирч байна. Тэр бага хурлын гол зочны ёсоор илтгэл тавьж, мөн санал дэвшүүлж, түүгээр ч зогсохгүй Зүүн хойд Азийн гамшгийн командлалын төв байгуулах хэрэгцээ шаардлагын тухай ухуулан, Ази, Номхон далайн бүсүүдийн орнууд дундаа манлайлал үзүүлэн оролцож байгаа мэдээ ирж байна. Энэ бол Монгол орны хувьд нэмэх оноо авчрахаас гадна гамшгийн нөхцөл байдал, давтамж ихэссэн энэ үед олон улсын түвшинд үүрэг роль өндөр байгаагаа илэрхийлсэн том амбиц гэж дүгнэх хэрэгтэй. С.Амарсайхан Монгол Улсын гамшгийн нөхцөл, байгаль цаг уурын өөрчлөлт, ган зудын хүндрэлийг давах туулахад шаардлагатай дэмжлэгийг олон улсын түвшинд авч чадах тийм тоглолтыг энэхүү айлчлалаараа бүрдүүлж чадлаа гэж тухайн бага хурлын явцыг ажиглагчид дүгнэж байна.


Тухайлбал, НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишортой уулзсан уулзалтаараа С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гамшгийг даван туулах, болзошгүй хохирлын хэмжээг бууруулах бодлого, арга хэмжээнүүд дээрээ НҮБ-ын тусламж дэмжлэгийг авахаар тохиролцож чадсан.


Мөн Зүүн хойд Азийн бүсэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ байгуулахаар санал солилцож амжив. Бага хуралд оролцох үеэрээ С.Амарсайхан хэд хэдэн албан уулзалт хийж, гурван үндсэн санал дэвшүүлсэн нь Ази, Номхон далайн орнуудын сайд нарын дэмжлэгийг хүлээжээ. Юун түрүүнд тэрбээр гамшигтай тэмцэх байгууллагуудын хамтарсан сургалт, ур чадварыг хөтөлбөрийг хэрэгжүүлье гэдэг санал дэвшүүлжээ.


Бүс нутгийн байнгын сургалтын тогтолцооны механизмийг бүрдүүлэх замаар хамтарсан сургалт дадлагажуулалтыг тогтмол зохион байгуулж.бүсийн хэмжээнд гамшгийн бэлэн байдлыг сайжруулан, гамшгийн үед үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байна гэдгийг тэр онцлов. Үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадавхитай улс орон болохыг зорьж байгаа Монгол Улсын хувьд гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах нь хөгжлийг тогтвортой үргэлжлүүлэх суурь нөхцөл болж өгөх юм. Тийм ч учраас бид олон улс, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа Ази, Номхон далайн орнуудын сайн арга туршлагаас суралцаж, хамтын ажиллагааг сайжруулах нь нэн чухал байгаа юм. Бид гамшиг, байгалийн элдэв хүндрэлийг дан ганцаараа даван туулах боломжгүй. Энэ талбарт ганцаардах ёсгүй.


С.Амарсайханы дараагийн саналууд ч энэ зорилтоо биелүүлэх гэсэн нүүдэл байлаа гэж хэлж болно. Тэрбээр Зүүн Хойд Азийн Гамшгийн командлалын төв байгуулах санаачлага гаргалаа. Энэ төв нь гамшгийн үеэр нэн яаралтай шийдвэр гаргах, нөөцийг зохистой хуваарилах, цаг үеэ олсон арга хэмжээ авахад туслах хамтын ажиллагааны төв болох юм.


Жишээ нь, Монгол оронд зуд тохиолоо гэхэд бид тус Гамшгийн командлалын төвөөр дамжуулан олон улсын дэмжлэгийг авч чадна гэсэн үг.Түүний гурав дахь санал НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны бүс нутгийн платформ байгуулах тухай байв.


Энэ нь бүс нутгийн хамтын ажиллагааг удирдаж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, улс орнуудын чадамжийг бэхжүүлэх, хөгжингүй улс орнуудын үйлдвэрлэгч ханган нийлүүлэгч болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологиудыг урт хугацаатай түрээсийн хэлбэрээр хөгжиж буй болон газар зүйн хувьд хязгаарлагдмал улс орнуудад хүртээмжтэй болгох гээд олон боломжийг олгоно гэж тооцжээ. Эдгээр санал бол С.Амарсайхан, цаашлаад Монгол Улсын Засгийн газрын алсын хараатай, геополитикийн ухаалаг нүүдэл болж хөрсөн дээр бууж байна. Учир нь Монгол Улс гэнэтийн аюул, гамшиг ослын тойргоос нэгмөсөн гарна гэсэн ойлголт байхгүй. Ямар нэг байдлаар гамшигт өртөж, эрсдэл үүрэх нь бараг л мэдээжийн зүйл. Тэр тусмаа гамшиг тохиох магадлал тогтмол өсч байгаа ийм нөхцөл байдлын дунд бид түүнийг урьдчилж харж, тооцсон нүүдэл хийж, бодлого хэрэгжүүлэх учиртай.


Тэр нүүдлийг энэ удаа С.Амарсайхан сүрхий хийж явна гэсэн эерэг үнэлгээг өгч болохоор байна. Түүний дэвшүүлсэн бүс нутгийн улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх санал дэмжигдлээ. 


Монголчууд “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж хэлцдэг. Гамшиг осол тохиолдсоны хойно толгойгоо барин гасалж суух биш, түүнийг хэрхэн хохирол багатай даван туулах бэлтгэлээ урьдаас базааж, монгол хүний холч ухаанаар аливаад хандах нь чухал билээ. Олон улсын туршлагаас харахад гамшгийг урьдчилан харж, болзошгүй эрсдэлийг бууруулах нь түүнээс учрах хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг гэдгийг тогтоосон байна.


Энэ удаагийн айлчлалаараа өөрийн дүр төрхийг тодотгон харуулж буй С.Амарсайханы хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутагтаа болон дэлхийн хэмжээнд манлайлал үзүүлж, олон улсын байгууллага, дэлхийн бусад улс орнуудтай нягт хамтын ажиллагаа эхлүүлж, Азийн бүс нутагт гамшгийг эрсдэлийг бууруулах үйлст хувь нэмэр оруулах чадамжаа илэрхийлсэн үйл явдал боллоо. 


Б.НЯМ