sonin.mn

БРАЗИЛИА, 2024 оны аравдугаар сарын 21 /BBC/. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва өнгөрсөн бямба гарагт гэртээ байхдаа ахуйн осолд өртөж, толгойгоо гэмтээсэн тул ОХУ руу явах гэж байснаа цуцалжээ.

Өдгөө 78 настай тэрбээр Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй томоохон орнуудын бүлэг болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ням гаргийн үдээс хойш Оросыг зорихоор төлөвлөж байсан боловч нийслэл Бразилиа хотын томоохон эмнэлгийн эмч нар "олон цагаар онгоцоор нисэхгүй байх"-ыг зөвлөжээ.

Ингэснээр Лула БРИКС-ийн уулзалтуудад цахимаар оролцох юм. Бразил дахь Сирио-Либанес эмнэлгийн мэдэгдэлд дурдсанаар, холын зайд аялахаас зайлсхийхийг Ерөнхийлөгчид зөвлөсөн ба тэрбээр бусад үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой ажээ. Лулагийн дагз шалбарч гэмтсэн тул эмч нарын хяналтад байна.




Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад Бразилаас цахимаар оролцох бөгөөд бусад ажлаа үргэлжлүүлнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн боловч түүний бэртлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Бразилын хэвлэлүүдэд мэдээлснээр, Ерөнхийлөгч таван оёдол тавиулсны дараа бямба гарагт гэртээ буцжээ. Улмаар ням гаргийн өглөө эмнэлэгт дахин ирж, хяналтад орсон байна.




Лула ням гарагт орон нутгийн цагаар 17:00 цагт Оросыг зорихоор төлөвлөж байсан бөгөөд энэ он гарсаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа нүүр тулан уулзахаар товлоод байжээ. Баасан гарагт В.Путин ирэх сард Бразилд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр өөрийг нь оролцсон тохиолдолд хурлыг “тасалдуулах” магадлалтай гэж хэлээд Олон улсын эрүүгийн шүүхээс /ICC/ түүнийг баривчлах шийдвэр гаргасан нь үүнд нөлөөлөөгүй гэж мэдэгджээ. Өнгөрсөн жил ICC В.Путинийг баривчлах тушаал гаргасны дараа тэрбээр Өмнөд Африкт болсон БРИКС-ийн өмнөх дээд хэмжээний уулзалтад оролцоогүй юм.

БРИКС бүлгийг “Долоогийн бүлэг”-ийн өөр нэгэн хувилбар гэж зарим шинжээч үздэг. Энэхүү бүлгийг 15 жилийн өмнө Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн хөгжиж буй томоохон орнууд үүсгэн байгуулж байсан бөгөөд тэр цагаас хойш Өмнөд Африк, Египет, Этиоп, Иран, Арабын Нэгдсэн Эмират улс тус бүлэгт нэгдсэн юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Казань хотод энэ сарын 22-24-ний өдрүүдэд болно.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг