sonin.mn

КИЕВ, 2024 оны аравдугаар сарын 21 /VOA/. Украины эсрэг Оросын дайнд Умард Солонгосын тал улам бүр татагдан орж байна гэж үзэж буй улс орнуудад хандан, илүү шийдэмгий хариу арга хэмжээ авахыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уриалжээ. Тэрбээр ням гаргийн орой дүрс бичлэгээр хийсэн ээлжит мэдэгдэлдээ, Умард Солонгосоос Орост зөвхөн цэргийн техник хэрэгсэл төдийгүй цэргүүдээ илгээж байгааг нотлох хиймэл дагуулын асар их мэдээлэл, мөн дүрс бичлэг гэх зэрэг бусад баримтууд байгааг дурдсан байна. 


“Үүнийг нүдээ аниж өнгөрүүлээгүй, илэн далангүй ярьж байгаа удирдагчид, төлөөлөгчдөд би талархаж байна. Бид түншүүдээсээ хэвийн, шударга, хүчтэй хариу арга хэмжээ авахыг хүлээж байна" гэж тэрбээр хэллээ. 


Украины эсрэг Оросын түрэмгийлэлд Умард Солонгосын тал улам ихээр татагдан оролцож байгаа нь Украинд хөнөөл учруулахгүй гэдгийг В.Зеленский онцолжээ. "Умард Солонгос орчин үеийн дайн байлдааны арга барилд суралцсаны дараа тогтворгүй байдал, аюул занал улам даамжрах болно. Хэрэв дэлхий дахин одоо чимээгүй байж, бид Ираны “Шахед” нисгэгчгүй онгоцноос өөрсдийгөө хамгаалж байгаа энэ үед фронтод өдөр бүр Умард Солонгосын цэргүүдтэй тулалдах аваас дайн сунжрах нь дамжиггүй" гэж тэрбээр хэлжээ. 


Түүний хэлснээр, Умард Солонгосын үйлдэл нь “Украины эсрэг дайнд дахин нэг улс татагдан орсныг харуулж байгаа" аж. Өнгөрсөн долоо хоногт В.Зеленский "Орос руу офицеруудаа илгээж, Москвагийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд олон мянган цэргээ илгээхээр бэлтгэж байна" гэж Умард Солонгосыг буруутгасан юм.


Умард Солонгосын тал тусгай отрядын 1500 цэргийг бэлтгэл сургуулилалтад оролцуулахаар Алс Дорнод руу илгээсэн гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлжээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин бямба гарагт хэлэхдээ, Умард Солонгос Орост цэргээ байрлуулахаар илгээсэн гэх мэдээллийг нотолж чадахгүй ч ийм алхам батлагдвал түгшүүр төрүүлнэ гэжээ. НАТО-гийн тэргүүн Марк Рютте пүрэв гарагт хэлэхдээ, одоогоор Пёньян дайнд оролцож байгаа эсэхийг нотлох баримт байхгүй байна гэж мэдэгдсэн байна. Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Умард Солонгосын цэргийг илгээх нь дайныг ноцтой хурцатгана гэж Франц, Украины Гадаад хэргийн сайд нар бямба гарагт Киевт хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг