sonin.mn

Зэвсэгт хүчин өнөөдөр залуу нас, хөдөлмөр бүтээлээ албандаа зориулсан, цэргийн мэргэжилтэй офицер, ахлагч нараа цэргийн тэтгэвэрт гарахаас өмнө иргэний мэргэжил эзэмшихэд нь онцгой анхаарч, нийгэмд ажил мэргэжилтэй байхад нь бүх талын дэмжлэг үзүүлж байна.


Энэ нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого” баримт бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн офицер, ахлагч нартаа 3 хүртэлх сарын цалинтай чөлөө өгч, нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшихэд нь тусалж байна гэсэн үг.


Үүний нэг бодит жишээ нь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургуулийн төвийн багш, сургагч ахлагч Баярмөнхийн Цацрал. Зэвсэгт хүчний эгнээнд 1996 онд энгийнээр нэгдэж, 2002 оноос ахлагчийн албанд элсэж, өдгөө 22 дахь жилдээ алба хааж буй цэргийн бүсгүй. 22 жил алба хаахдаа нэгтгэл, ангийнхаа дээд удирдлагаас өгсөн үүргийг мадаггүй биелүүлж, анги хамт олон тэр дундаа ахлагч бүсгүйчүүдийн түүчээ нь болон гялалзаж яваа эмэгтэй. Цэрэгжлийн спортын мастер цолтой, цана, волейбол, сагс, марш гээд цэрэгжлийн спортын төрлүүдээр тогтмол хичээллэж, үзүүлсэн амжилт нь ч медаль эгнүүлсэн өвөр дүүрэн туузаар нь гэрчлэгдэнэ. Бас БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай ажиллагаанд 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч бөгөөд 2022 онд Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар сургагч ахлагч цол хүртсэн байна. Зэвсэгт хүчиндээ хийсэн ажил, хэлэх үгтэй тэрээр 2024 ондоо багтан цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгч, нэгтгэлийн удирдлагуудаас нь “Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого” баримт бичгийг үндэслэн түүнд нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмших гурван сарын чөлөө олгожээ.


Сургагч ахлагч Б.Цацрал “нийгэмшүүлэх” чөлөөгөөр олдсон гурван сараа ашиглаж, ойжуулагч, байгаль орчны нөхөн сэргээлтээр дагнан үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагад ойжуулалтын мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр төгсөх юм байна.


Суралцах хугацаандаа Сэлэнгэ, Төв аймаг зэрэг тариалангийн бүсүүдэд дадлага ажлаа гүйцэтгэж, ойн инженерчлэлээр багагүй мэргэшиж, энгийн салбарт ажил гүйцэтгэж эхлэхэд бэлэн болсноо дуулгана лээ. Энэ талаар ярихдаа “Зэвсэгт хүчин зүтгэсэн нэгэндээ үнэхээр ээлтэй газар юм даа. 30 жилийн өмнө Зэвсэгт хүчний хаалгаар орсон цагаасаа эхлэн сайн сайхан бүхнийг нь хүртэж яваа гэж өөрийгөө боддог. Би ч гэлтгүй зүтгэсэн алба хаагч бүр энэ сайхан салбарынхаа ач буяныг хүртдэг шүү дээ. Өнөөдөр хүртэл цэргийн тэтгэвэрт гарах болоход нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшээд ир гээд гурван сарын цалинтай чөлөө өгсөнд нь баярлаж байна. Тариа ногоо болоод ойжуулагчаар ажиллах нь миний хобби. Нэгтгэлд алба хааж байхдаа ч хамт олноороо хүнсний хэрэгцээний ногоогоо тариад авчихдаг” хэмээн онцлов. Мөн өдгөө эзэмшиж буй мэргэжлээ тэрээр нийгэмд хаана ч ажиллах боломжтой, эрэлттэй ажил хэмээн тодотгож, ийм боломжийг олгосон Зэвсэгт хүчний удирдлагуудад талархаж байна гэлээ.



Ахмад Д.БОЛОР