sonin.mn

Д.Эрдэнэбаатар, А.Баатархуяг, манай гурван гэр бүл үе үе нийлж буу халах. Улс төр, түүх, археологоос эхлээд дэвэн дэлхийн “бүх сэдвээр” ярина. Нэг удаа яагаад ч юм, викингүүдийн байлдан дагууллын сэдэв рүү орчих нь тэр. Тэгсэн чинь Д.Эрдэнэбаатар: “Тэр викингүүд чинь манай Хүннүгээс гаралтай” гэж тууж байна. Өөр хүн байсан бол би “худлаа шаагаад л…” гэж хэлэх байсан. Гэвч манай Д.Эрдэнэбаатар яав ч багцаагүй туудаг эр биш билээ. Энэ санаа толгойноос ердөө гардаггүй, олон сар зовоов. Тэгээд хүннү-викингийн эрэлд мордож баахан юм ухаж олсноо маш товч хүргэж байна.


Скандинавын домогт өгүүлэх нь


Скандинавын орнуудад Дани, Норвег, Швец ордог гэдгийг хүн бүр мэднэ. Заримдаа өргөн утгаар Финляндыг оруулах нь ч бий.   

Эртний Скандиновын орнуудын “сага” хэмээн алдаршсан олон домог байдаг ба тэдгээрт Гунналанд (Hunaland) хэмээх улсын тухай олон удаа өгүүлнэ. Чухам ямар улс орон, ард түмнийг нэрлэж байгаа нь тодорхойгүй. Энэ нь одоо болтол их маргаан тарьж, шийдэгдээгүй хэвээр байна. Зарим судлаачид Гунналанд улсыг Төв Европ (Унгар, Герман, Чех) болон Дорнод Европ (Украин)-ны нутагт амьдарч байсан Хүннүчүүдтай холбож үздэг. Өөрөөр хэлбэл хүннүгийн улс гэж үздэг.


Скандиновын “Хёрверийн тухай домог”-т Гунналанд бол готуудын нутаг Рейдголанд-тай хиллэдэг, энэ хоёр орны зааг дээр Мирквид нэртэй шидэт ой ургадаг, түүнчлэн Гунналанд улс нь Гардарикаас болон Саксони-гаас ялгаатай гэж өгүүлсэн байдаг.    


Хэрэв Балтийн тэнгисээс Баруун Двина гол, улмаар Днепр мөрнөөр дамжин Гардарикт хүрнэ, харин Саксон хүрэх зам нь Рейн мөрнөөр дамждаг гэдгийг баримжаалбал Гунналанд улс эсвэл Висла мөрөн, эсвэр Неман голын сав газар оршин байжээ.    


Тэр ч байтугай “Тидрекийн тухай сага” гэсэн өөр нэг домогт Гунналандын нийслэлийг Вальтербург (Valterborg) гэж тодорхой заасан. Энэ нь одоогийн Чехийн Моравийн Велеград хот, эсвэл германы Зост хот болж таарч байгаа юм. Мөн тэр домогт Гунналандын өмнөд зааг (хил) нь Дунай мөрөн гэж дурдсан байдаг.


Скандинавын орнууд хаанаа “конунг” гэж нэрлэдэг. Викингуудын тухай бүх кинонуудад гардаг. Скандиновын өөр нэг домогт Хольмгардаас гаралтай конунг Вальдемар Аттилийн үед Гунналандыг бут цохисон тухай өгүүлдэг. Өөр зарим судлаачид Гунналандыг Аварын хаант улс гэж оноох нь бий.     


Домгийн өөр нэг хувилбараар Гунналанд фриз-үүдийн амьдардаг Умард тэнгисийн эрэг дээр байжээ.

Харин “Тидрикийн тухай домог”-т: Атттила бол Фрисландын уугуул бөгөөд энэхүү Фрисланд нь Висла мөрний зүгээс байнгын түрэмгийлэл үйлддэг байсан готуудтай хиллэдэг Балтийн тэнгисийн эрэг хавьд байдаг гэж өгүүлнэ. Одоо бол энэ нутгийг Неман голын доод сав газар гэж багцаалдаг. 

Ингэж үзвэл Аттила Неман голын доод хэсгийн хотод амьдарч байсан ба ятьвяг-уудыг толгойлон Неман руу хийдэг готуудын дайралтын эсрэг зогсч байжээ гэсэн дүгнэлт гарна. 


Оросын алдарт “Игорийн хорооны цэрэглэсэн дууль”-д ятьвяг-уудыг “хиново” гэж нэрлэдэг ба энэ хүннүчүүд болох нь маргаангүй.

944 онд Византид очсон Киевийн Русийн элч-төлөөлөгч нарын дунд “Гунарев нарын Ятваг” нэртэй хүн байжээ. Үүнийг Гунналанд буюу Хүннү овгийн Ятваг овгийн хүн элч нарын бүрэлдэхүүнд орж, Византид очиж байсан гэж дүгнэж болно.

Түүнээс гадна Германы “Нибелун-гуудын тухай дуулал” гэх домог байдаг ба түүнд Хүннүгийн хаан Аттила (Эцель) эхнэрээ нас барсны дараа Рейн мөрний эргийн Бургундын бэлэвсэн эхнэр, гоо үзэсгэлэнт Кримхильде-тэй гэрлэхээр шийддэг. Мөн “Нибелун-гуудын тухай дуулал”-д хүннүгийн хааны ордон Вена хотод, тодруулбал Трайзенмауэр шилтгээнд байдаг гэж тов тодорхой заадаг. Үүнийг багцаалбал хүннү нар Австрид төвлөрсөн улс, харин Бавари бол хөрш улс гэж дүгнэж болно.     


Энэ домогт польш, рус (орос), валахи нар Аттилийн албат (вассаль) байсан гэж өгүүлнэ.  


Хүннү буюу Гунну-гийн түүх


Европын түүх бичлэгт Монголын Хүннү-г Хунну гэж, харин баруун тийш нүүдэллэсэн Хүннү-г Гунну гэж ялгаж бичдэг. Хоёулаа адилхан Хүннү буюу Монголын өвөг дээдэс юм. Гунну бол Дорнод Европт II – Y зуунд оршин тогтносон улс. Гунну нарын түүхэн гавъяа бол “Ард түмнүүдийн агуу их нүүдэл” гэж нэрлэдэг түүхэн том үйл явдлыг өдөөсөнд оршино. “Ард түмнүүдийн агуу их нүүдэл” IY – YII зуунд Европын угсаатан, ард түмнүүдийг нүүдэллэхэд хүргэж, тэднийг угсаатны хувьд хольж хутгасан аварга том үйл явдал юм.


Хүннүчүүдийн довтолгооны улмаас Европт ард түмнүүдийн агуу их нүүдэл болж, Европын шинэ угсаатнууд үүсэн бүрэлдэх замыг нээж, нөхцлийг нь бүрдүүлсэн гэж дүгнэвэл онц алдаа болохгүй.    


Харамсалтай нь Европын түүх бичлэгт Аттили хаан (434-453) нас барснаар Гунну улс задран унасан гэж дүгнээд 453 оноор таслан хүннүгийн бүх түүхийг “дуусгадаг”. Гэхдээ Гунну улсыг европчууд биш, дорноос ирсэн нүүдэлчид уусгасан гэж бичдэг. Гунну улсыг залгамжлагч нь Унгар гэж үздэг.


Одоо эрэгцүүлээд үзье. Гунну улс II – Y зуунд буюу 300 гаруй жил Европт оршин байжээ. Харин викингууд YIII – XI зуун оршин байжээ. Энэ хооронд ямар хамаарал, ямар холбоо байна вэ ? Үүний хариуг дээр дурдсан Скандинавын домгууд хэлж байна.  


Одоо би төсөөллөө хэлнэ:


II–Y зуунд оршин байсан Хүннүчүүд Аттилаас хойш нэлээд удаан оршин байжээ. Улмаар бууран доройтож, нэг хэсэг нь Скандиновын орнуудын нутаг руу нүүжээ. Тэнд 300 орчим жил амьдарч аажмаар тэнд байсан овог аймгуудтай нийлэн, холилдож, викингүүд болон хувирчээ.

Харин викингүүд YIII-XI зууны үед Английг бүр , Францыг түр эзэлж, тэр ч байтугай Умарт Африкийг чичрүүлсэн далайн аян дайн хийж, сүр хүчээрээ Европыг донсолгож байсан агуу ард түмэн гэдгийг бүгдээрээ мэднэ.


Дашрамд манайхан ардын домгийг ердөө л үлгэр гэж бодоод бараг судалдаггүй. Домогт заавал ямар нэг түүхэн үйл явдал байдаг.

Монголын түүх бол тэр чигээрээ гайхамшиг, түүнийг судлах тусам улам олон гайхамшиг гарч ирэх бөлгөө.


Судлаач Х.Д.Ганхуяг


Эх сурвалж: https://gankhuyag.com/




Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу