sonin.mn

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 21 /РИА Новости/. Үлэг гүрвэлийн хамгийн жижигхэн хэмжээтэй чулуужсан өндгийг Хятадын зүүн өмнөд нутгийн Зянси мужийн нутгаас илрүүлэн олжээ.

Ингэснээр эрдэмтэд эрт дээр үед устаж мөхсөн амьтдын түүхэн хувьслын /эволюц/ үе шатыг илүү нарийвчлан судлахад тус дөхөм болно гэж “Кэзи жибао” сонинд бичсэн байна.  

“Энэхүү чулуужсан өндөгний хэмжээ маш бага, хальс нь тун нимгэн бөгөөд туузан хорхой хэлбэрийн зангилаатай гэдгээрээ бусад чулуужсан өндөгнөөс ялгарч байгаа юм. Үүнээс өмнө Хятадад олдсон үлэг гүрвэлийн хамгийн жижигхэн өндөгний хэмжээ 45,5 Ч40,4 Ч34,4 мм бол энэхүү өндөгний урт нь 29 мм байна” гэж Зянси мужийн Геологи-хайгуулын хүрээлэнгийн захирал Лу Фашенг ярилаа.  




Түүний удирдсан судлаачдын багийнхан Ганжоу хотын орчмоос сайтар хадгалагдаж үлдсэн 6 ширхэг өндгийг 2021 онд олсон бөгөөд гурван жилийн дараа ийнхүү уг олдворыг албан ёсоор баталгаажуулсан байна. Судалгааны ажлын материалыг Historical Biology сэтгүүлд нийтэлжээ.




Эдгээр өндөг нь 80 сая гаруй жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байсан бяцхан биетэй теропод гэдэг үлэг гүрвэлийнх хэмээн бид үзэж байна” гэж Хятадын Геологийн шинжлэх ухааны их сургуулийн доцент Хан Фенлу тодорхойлжээ.

Хамгийн жижиг хэмжээтэй чулуужсан өндгийг олсон нь Цэрдийн галавын хожуу үед амьдарч байсан теропод үлэг гүрвэлий хувьсал хөгжил, үржлийн явцыг судлахад ихээхэн ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.    


 

Б.Адъяахүү