sonin.mn

КИШИНЁВ. 2024 оны аравдугаар сарын 21 /BBC/. Молдова улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Майя Санду тэргүүлж байгаа хэдий ч тэрбээр Александр Стояногло-той хоёр дахь шатанд өрсөлдөх магадлал өндөр байна. 

Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, саналын хуудаснуудын 92 хувийг тоолсны дараах байдлаар М.Санду 38.2 хувь, Ерөнхий прокурор асан А.Стояногло 28.6 хувийн санал авчээ.




Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн сонгогчдоос "Европын Холбоонд гишүүнээр элсэх эсэх асуудлаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд хэрхэн хандаж байгааг, мөн Молдова улс Европын Холбооны суурь гэрээ хэлэлцээрт цаашид нэгдэн орох талаар ямар бодолтой байгаа вэ" гэсэн асуултад хариулахыг хүссэн юм. 




Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, одоогоор энэ саналыг дэмжигчдээс илүү эсэргүүцэгчид олон байгаа ажээ. Нийслэл Кишинёв болон хилийн чанадаас ирэх сонгуулийн мэдээ хоцорч байгаа тул энэ үр дүн өөрчлөгдөж магадгүй байна. Бүх нийтийн санал асуулгын өмнө явуулсан санал асуулгад оролцогчдын дийлэнх нь Европын Холбоонд нэгдэхийг дэмжиж байв. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дэмжигдэхгүй бол М.Санду болон түүнийг дэмжигчдэд таагүй нөхцөл байдал үүснэ. Бүх нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцохын тулд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь оролцох ёстой. Харин энэ удаагийн сонгуулийн ирц 51 хувиас давсан байна.




Санал хураалтын дараа М.Санду иргэдэд хандаж үг хэлэхдээ "зарим гэмт хэргийн бүлэглэл болон дайсагнасан гадны хүчнүүд сонгогчдын саналыг худалдаж авахаар оролдсон" гэж буруутгажээ.

Ерөнхийлөгчийн сонгууль болон бүх нийтийн санал асуулгад Молдова улсын нийт 1,5 сая орчим иргэн саналаа өгсний хагас сая гаруй нь М.Сандуг дэмжсэн байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг