“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа Бодибилдингийн дэлхийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Сугарсүрэнг урьж ярилцлаа.
-Та бол Монголын бодибилдингийн спортын замналд олон жил өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө бусдыгаа үлгэрлэж явна. Хамгийн сүүлд оролцсон тэмцээний чинь тухай ярилцлагаа эхэлбэл болох уу?
-Энэ жил миний хувьд өөрийгөө сорьсон, ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Өнгөрсөн жил эх орондоо ДАШТ-ний анхны хүрэл медалийг авчирсан бол энэ жил дахин Испанид болсон ДАШТ-дээ амжилттай оролцоод ирсэн. Удахгүй он гарах нь. Ирэх жил манай бодибилдингийн тамирчдыг олон тэмцээн, уралдаан хүлээж байна. Миний хувьд ч дахин өөрийгөө сорих, эх орноо сурталчлах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна.
-Энэ асуултаар эхэлсний учир нь таны үеийн тамирчид эхнээсээ зодог тайлж буй тухай мэдээлэл гарч байна. Харин таны хувьд эсрэгээрээ, өөрийгөө дахин сорьж, ийм гал цогтой байгааг тань харах сайхан байна?
-Миний үеийнхэн зодог тайлж байгааг үгүйсгэхгүй. Харин миний хувьд бодибилдингийн спорт болоод тамирчдынхаа төлөө хийх зүйл их байна. Би зодог тайллаа гэхэд доод үеийнхэн минь одоо ч надаас үлгэр дуурайлал авсаар байгаа. Тиймээс тамирчдынхаа итгэлийг алдахгүйгээр тэдэндээ зөвлөж, туслах нь миний үүрэг гэж боддог. Мөн бодибилдингийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй, шүүлтүүргүй олон мэдээлэл цацагдах болсон. Үүнээс гадна албан ёсных, үгүй нь мэдэгдэхгүй клуб, холбоод ч нэмэгдэх хандлагатай байх шиг. Энэ мэт олон шалтгаан байгаа учир би залуу нас, амьдралаа зориулж яваа энэхүү спортынхоо төлөө хөдөлмөрлөхөөс өөр замгүй гэж бодож байна.
-Танай холбоог энэ жил ААШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авсан гэж дуулсан. Та мэдээж чухал үүргийг гүйцэтгэх нь лавтай?
-Ирэх оны зургаадугаар сарын 27-30-ны хооронд бид ААШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар болсон. Мэдээж энэ бол Монгол Улс, тэр дундаа бодибилдингийн холбооны хувьд их хариуцлагатай ажил болоод нэр хүндийн хэрэг шүү дээ. Тиймээс одоогоор энэхүү тэмцээнд анхаарлаа 100 хувь хандуулж байна. Мөн ААШТ-ий дараа япон улсад ДАШТ эхэлнэ. Үүнд чадаж байгаа дээрээ өөрийгөө сорьж, оролцох эрмэлзэл бий. Энэ мэт тамирчин хүний хүсэл тэмүүлэл мөрөөдөл дуусдаггүй бололтой.
-Би үзэгчийн хувиар бодибилдинг залуу насны спорт гэж боддог байлаа. Гэтэл таныг хараад энэхүү спортын тамирчид яван чангардаг гэдгийг харлаа?
-Энэ спортын тамирчид олон жил масс авч, туршлагажсанаар илүү чадавхиждаг. Жинхэнэ мастеруудын өрсөлдөөн гал гардаг гэж хэлэхэд болно. Ялангуяа миний өрсөлдөж буй 35-аас дээш насны ангилалд. Тэгэхээр миний нас бол энэ спортод дундаж гэсэн үг. Өнөөдөр дэлхийд бодибилдингээр цахиур хагалаад буй залуусын ихэнх нь 40, түүнээс дээш насныхан шүү дээ. Бүр 60 настай мастерууд ч байна. Тэдний бие зүгээр л төгс, зурчихсан юм шиг хөгжсөн байдаг нь гайхалтай. Тэгэхээр их онцлогтой спорт байгаа биз.
-Тамирчин бүхэн нарийвчилсан төлөвлөгөөтэй ажилладаг. Таны хувьд ч их завгүй хөдөлмөрлөдөг эмэгтэй бололтой. Одоогоор өдрийн хэдэн цагийг бэлтгэлдээ зориулж байна?
-Тамирчин хүн нарийн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ дагахгүй бол амжилт гаргахад хэцүү. Тиймээс би өдөр бүрийнхээ цагийн хуваарийг ч нарийн гаргахыг хичээдэг. Ялангуяа бодибилдингийн спорт чинь өнөөдөр бэлтгэл хийгээд маргааш нь тайзан дээр гараад, нөгөөдөр нь шагнал авчихдаггүй. Олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр шаарддаг онцлогтой. Миний хувьд ирэх оны тэмцээнүүддээ бэлдэж байгаа учир өдөр бүр нэг бэлтгэл хийж байна. Харин тэмцээний хугацаа ойртохоор нарийн хоолны дэглэм барихаас гадна өдөрт хоёр бэлтгэл хийж эхэлнэ дээ.
-Та зүгээр ч нэг бэлтгэл хийдэг, тэмцээнд оролцох төдий тамирчин байсангүй. Сүүлийн жилүүдэд Монголын бодибилдингийн спортод Wellness гэх төрлийг хөгжүүлж, өөрөөрөө үлгэрлэж яваа юм билээ?
-Сүүлийн гурван жилд өөрөө энэ төрлөөр хичээллэж, залуу үеийн тамирчиддаа сургаж, хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна. Миний хувьд олон улсын тэмцээнд ч энэ төрлөөр оролцож, амжилтаа хамгаалахаар хичээж байгаа. Гэхдээ Wallness их амаргүй төрөл. Энэ нь эмэгтэйчүүдийн гол анхаарал хандуулдаг хөл гуянд ачаалал өгдөг юм. Дэлхийд эрүүл гоо сайхан гэдэг нэршилтэй явдаг. Ер нь дэлхийн бодибилдингийн чиг хандлага ч эрүүл бие гэсэн чиглэл рүү хөгжиж байна. Үүнийг дагаад яг энэ төрлөөр хичээллэх, амжилт үзүүлэх тамирчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Эхэн үед манай тамирчид төдийлэн ойлголтгүй байлаа. Ерөнхийдөө өгзөг, гуя сайтай л бол энэ төрөлд өрсөлддөг гэх хэмжээний. Харин ойрноос илүү ойлголттой болж байна.
-Танаас гадна энэ төрлөөр олон улсын тэмцээнд оролцож буй монгол тамирчин хэр олон байна?
-Энэ төрөлд дэлхийд албан ёсных болоод таван жил бол байна. Харин сүүлийн гурван жилд нь манай улсад эрчимтэй хөгжиж эхэлсэн. Нэг үеийг бодвол тамирчид маань энэ төрөлд өөрсдийгөө сорих болжээ. Гэтэл хамгийн гайхалтай нь Wallness төрлөөр Азиас ганцхан манай улс л олон улсын тавцанд өрсөлдөж байна. Хааяа хүмүүс намайг аймшиггүй зоригтой гэдэг юм. Зарим үед энэ зүйрлэлтэй нь санал нэгддэг шүү. Учир нь би өөрийн биеэр хичээллэж үзээд, болно гэж бодоод эх орондоо хөгжүүлэхээр зорьсон. Өнөөдөр өөрөө үлгэрлэж, амжилт гаргахаас гадна шавь нар минь энэ төрөлд ганзага дүүрэн явахыг хараад баярлах, бахархах сэтгэл төрдөг.
-Өгөгдөл сайтай, европ тамирчидтай монгол бүсгүйчүүд өрсөлдөж байна гэхээр бахархмаар юм аа?
-Wallness гэдэг нь өөрөө Бразил буюу өгзөг гуяны төрөл шүү дээ. Энэ орны бүсгүйчүүд ямар өгөгдөлтэй байдаг билээ дээ. Саяны ДАШТ-ээр гэхэд миний жинд гурван Бразил орж ирсэн. Бусад жинд ч Бразил гаралтай тамирчид байсан. Энэ бүхнийг харж суухдаа монгол эмэгтэйчүүдийнхээ зоримог зан, тэвчээр хатуужлаар бахархсан шүү. Манай бүсгүйчүүд ямар ч спортын төрөлд хөрвөж чаддаг юм байна. Нэг л эхлүүлсэн бол зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж, үр шимийг нь үздэг нь үнэхээр гайхалтай.
-Wallness төрөлд өрсөлдөхөд Монголын эмэгтэй тамирчид ямар давуу талтай нь ажиглагдсан бэ?
-Wallness төрлийн голлох онцлогууд нь монгол бүсгүйчүүдийн өгөгдөлд багахан хэмжээгээр байдаг. Манай бүсгүйчүүд чинь Евро-Ази ангилалд багтдаг. Мориор төсөөлөх юм бол жороо морь гэсэн үг. Аливаад тэсвэр сайтай. Тэмцээн уралдаанд оролцохдоо их шартай. Тиймээс энэ төрөлд хүч түрэн орж ирж байгаа охидуудаа харахаар хайрлах мэдрэмж төрдөг. Үүнээс гадна өөртөө болохгүй зүйлийн төлөө хайран цаг хугацаагаа бараагүй юм байна. Миний хичээж, хөдөлмөрлөсний үр шимд энэ төрөл илүү хөгжиж байна гэж хэлээд багахан урам авчихдаг шүү.
-Та Монголын бодибилдингийн түүхэнд анхны ДАШТ-ий хүрэл медалийг авчирсан. Энэ гавьяаг тань төр үнэлсэн шүү дээ. Энэ тэмцээний тухай эргээд дурсаач?
-Дэлхийн бодибилдингийн холбоонд 200 гаруй улс багтдаг. Тиймээс жил бүрийн ДАШТ олон өдөр, их өрсөлдөөнтэй болж өндөрлөдөг. Өглөөнөөс орой хүртэл тайзан дээр тэмцээн үргэлжилдэг юм. Харин 2022 оны ДАШТ Солонгос улсад болсон. Манай улсад бодибилдингийн спорт хөгжөөд энэ жил 30 жил болж байна. Энэ хугацаанд Монголын баг олон улсын холбооны ДАШТ-ээс медаль авч байгаагүй. Ингээд 29 дэх жилд нь би анхны хүрэл медалийг авчирсан. Энэ үед би өөрөөрөө маш их бахархах мэдрэмж төрж байлаа. Учир нь бодибилдингийн эмэгтэй төрөлд тэр дундаа хамгийн чанга, өрсөлдөөнтэй болдог мастеруудтай өрсөлдөж, хүрэл медаль хүртэнэ гэдэг тамирчин бүхэнд олддоггүй том амжилт гэж бодож байна.
-Анх Монгол Улсын гавьяат тамирчин болсноо сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ?
-Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг юм билээ. Итгэмээргүй ч юм шиг. Би гавьяат тамирчин цолоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардаж авсан. Ерөнхийлөгч маань өөрөө спортыг ойлгодог, дэмждэг хүн шүү дээ. Тиймээс миний 20 гаруй жилийн хөдөлмөр болоод ДАШТ-ний амжилтыг үнэлж, цаашдаа бодибилдингийн спортын төлөө илүү их хөдөлмөрлөөрэй гэж өгсөн байх гэж боддог.
-Гэтэл зарим хүн энэ спортыг их амархан юм шиг хандах нь бий. Таны хувьд хэдэн жилийн хичээл зүтгэлийнхээ үр шимд дэлхийн хэмжээний тамирчин болов?
-Би бодибилдингийн спортоор 20 гаруй жил хичээллэж байна. Амьдралынхаа бүхий л хугацааг энэхүү спортын хөгжилд зориулж явна. Амьдралын минь алдаа оноо, амжилт бүтээл бүхэн бодибилдингийн спорттой салшгүй холбоотой. Алдаан дээрээсээ суралцаж, дахиад урагшлах эрч хүч, тэсвэр хатуужлыг надад их спорт сургасан гэж боддог.
-Ажаад байхад бодибилдинг, фитнессийн их олон холбоо байх шиг харагддаг. Харин танайхыг ганцхан албан ёсных нь гэж ойлгож болох уу?
-Одоо бол их олон холбоод гарч байна. Мөн хувь клубууд ч байнга тэмцээн зохиодог болжээ. Үүнээс болоод хүмүүс төөрөлдөөд байх шиг байна. Гэхдээ энэхүү спортыг хөгжүүлэх гэж зүтгэж байгаа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Харин дэлхийд албан ёсны бүртгэлтэй нь “IFBB” буюу манай холбоо юм. Тэгэхээр миний авсан хүрэл медаль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Харин тамирчид маань Азийн, сонирхогчдын гээд холбоонуудаа ялгахгүй тэмцээндээ оролцоод байх шиг харагддаг. Тэдгээр холбоодын тэмцээнд түрүүлснийг нь спорт сонирхогчид дэлхийн аварга болчихлоо гэж ташаа мэдээлээд байдаг талтай. Тэгэхээр үүнийг нягталж, салгаж ойлгох ёстой болов уу.
-Та яагаад бодибилдингийн спортоор хичээллэх болсон бэ. Их олон жилийн дараа үр шимийг нь үздэг, байнгын бэлтгэл сургуулилт шаарддаг, хүнд спортын төрөл шүү дээ?
-Би дунд сургуулиа ОХУ-д дүүргэсэн. Аав ээж хоёр минь урлагийн хүмүүс. Тиймээс намайг багаас минь балетын урлагаар хичээллүүлсэн юм. Жаахан охины хувьд балетын бэлтгэл их хүнд санагддаг байлаа. Дээрээс нь ОХУ-ын школ, сургалт их чанга. Балетын урлагаар хичээллэснээр би их уян хатан болсон. Харин цаашлаад энэ урлагаар яваагүй. Гэхдээ яагаад ч юм бага наснаасаа л тайзан дээр гардаг мисс болно гэж ярьдаг байсан минь намайг бодибилдингийн спорт руу татсан ч байж магад. Нэг удаа бодибилдингийн тэмцээн үзсэн юм. Их гоё, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд тайзан дээр алхах нь шууд нүдэнд тусч, энэ спортоор хичээллэхээр шийдсэн дээ.
-Та анх Туркийн тэмцээнд орж байсан байхаа?
-Би Турк улсад оюутан байсан юм. Энэ үеэрээ улсын аваргын тэмцээнд нь оролцоод шууд түрүүлсэн. Гэхдээ анх тайзан дээр гарахдаа их ичиж байснаа санадаг. Бараг л нүцгэн шахуу шүү дээ. Харин мэргэжлийн тамирчин болох тусмаа энэ чинь миний ажил гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө хурцалж, тайзан дээр гарахдаа гал шиг дүрэлзэхийг хүсдэг болсон. Ингээд 2007 онд эх орондоо ирсэн.
-Яагаад эх орондоо ирсэн юм бэ. 2007 он гэдэг чинь Монголд энэ спорт өнөөгийнх шиг хөгжөөгүй үе байсан шүү дээ?
-Яг үнэндээ эх орондоо тэмцээнд оролцох гэж ирсэн. Гэтэл манайд энэ спортын шүүгч болоод эмэгтэй тамирчин бараг байгаагүй. Тиймээс би шалгалт өгөөд шүүгч болсон. Хэдийгээр анх намайг ирэхэд мисс, мистерүүд нь байсан ч төдийлэн сайн хөгжөөгүй, мэдээлэл бага байсан үе. Тиймээс би өөрийгөө Монголын бодибилдингийн спортод гал, өнгө нэмсэн гэж боддог.
-Аливаа спорт их, бага ч золиос шаарддаг гэх юм билээ. Харин таны амьдралд аль нь илүү вэ?
-Анх залуу байхад золиос нь их юм шиг санагдаад уйлдаг байлаа. Цагийн нарийн төлөвлөгөөтэй бэлтгэлээс шалтгаалаад гэр бүл, найз нөхөддөө ч зав гаргаж чаддаггүй байсан үе бий. Харин одоо бодоход ингэж тууштай хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртсэн байна гэж баярладаг. Ер нь ингэж золиослохгүй гээд юу ч хийх байсан юм бэ гэж өөрөөсөө асуудаг. Спортоор хичээллэснээрээ би цагийг хэзээ ч буруу зүйлд зарцуулж, буруу замаар явсангүй. Мөн бодибилдингийн спортоос хувь хүний төлөвшилдөө их сайхан зан чанар, ололтыг олж авсан юм шүү.
-Бодибилдингийн бүсгүйчүүд хүүхэд төрүүлснийхээ дараа эргээд жиндээ очиход хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Би залуу насныхаа ихэнх хугацаанд тайзан дээр уралдаж, бусад цагаар нь бэлтгэлдээ анхаарч явсан болохоор жаахан хожуу, хоёр ойрхон төрсөн. Мэдээж хүүхэд тээж байгаа учир эмэгтэй хүний бие өөрчлөгдөнө. Би хүүхэд төрүүлснийхээ дараа буцаад нормдоо очихын тулд шаргуу бэлтгэл хийсэн. Үүнийхээ хүчинд өөрийгөө ялж, ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн. Би энэ шагналыг авч зогсохдоо сэтгэлдээ уйлж байсан. Учир нь яаж өөрийгөө зоригжуулж, шазруун зангаар энэ хүрсэн билээ дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ.
-Тайзан дээр монгол гэж зарлуулаад, та хамгийн үзэсгэлэнтэй, төгс харагддаг позоо аваад зогсоход ямар мэдрэмж төрдөг бол?
-Тамирчин хүний туйлын зорилго нь олон улсын тэмцээнд оролцоод, эх орныхоо нэрийг дуудуулах шүү дээ. Олон улсад бол би Б.Сугарсүрэн биш, Монгол. Тиймээс энэ сайхан эх орноороо овоглож, дэлхийн тайзан дээр алхаж яваадаа үргэлж баярладаг.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл8
Алтан гадаст тамирчин хүн тайчиж явах нь зохисгүй л санагдсан. Үзүүлбэр үзүүлж болно гоо үзэмжийн түвшинд тэглээ гээд хэм хэмжээнээс хэтэрч тайчих нь тамирчны нэр хүндэд л жаахан тиймхэн юмдаа
Алтан гадаст тамирчин хүн тайчиж явах нь зохисгүй л санагдсан. Үзүүлбэр үзүүлж болно гоо үзэмжийн түвшинд тэглээ гээд хэм хэмжээнээс хэтэрч тайчих нь тамирчны нэр хүндэд л жаахан тиймхэн юмдаа
Эмэгтэй хүн бодигоор хичээллээд булчин гаргаад зангируулаад зогсож байх нь ямар муухай юм бэ ! Удахгүй үндэсний бөхөөр барилдаад туг тойроод гүйхээс нь өмнө үхээд өгөх юмсан !
Huduunii haltaisan haltar ork pisdaa hiree ugaaj surchaad olon yum gutsaarai chi dald or
Маш үзэсгэлэнтэй болгодог тэсвэр хатуужлын спорт шүү. Өөрснөө ядаж зааланд ордоггүй байж битгий атаархаж муу үг үлдээ.
Ямар онгироо сагсуу халтар царайтай хөдөөний орк вэ.
Өөрөө ганцаараа мундаг болчихсон юм шиг монголд зөндөө олон бодибилдингийн тамирчид багш нар байгаа. Саяын тэмцээнээс хүрэл авчдаг нь аз өөр тамирчид нь энэ тэмцээнд орсон бол медаль авчих л байсан байх.
Өөрөө ганцаараа мундаг болчихсон юм шиг монголд зөндөө олон бодибилдингийн тамирчид багш нар байгаа. Саяын тэмцээнээс хүрэл авчдаг нь аз өөр тамирчид нь энэ тэмцээнд орсон бол медаль авчих л байсан байх.