sonin.mn

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад буй Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч н.Хонгорзул мэдээлэл хийн, "Н.Өнөрцэцэг арав дахь өдрөө цагдан хоригдож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Одоо дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдалтай байна. Даралт нь унасан. 

Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэлээ халдашгүй чөлөөтэй байх, харгис хэрцгий хүнлэг бус хандахгүй байх заалтуудыг зөрчиж байна. Учир нь миний үйлчлүүлэгч унтаж чадахгүй байна. Нэгд, өлсгөлөн зарласан биеийн байдал хүндэрч буй үед нь шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна. Хоёрт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны асуудлаар шүгэл үлээсэн. Гэвч тус хэрэгт холбогдон хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж сэтгэл зүйгээр нь дарамталж байна. Гуравт, хоол тэжээлээр маш их дутаажээ. Гурав хоногтоо өлсгөлөн зарлаад байгаа ч хоригдсон 10 хоногийнхоо туршид хоол бараг идээгүй юм байна. Тэгэхээр энэ өлсгөлөн гурав хоногоор зогсоогүй. Дөрөвт, эмэгтэй хүнийг чийгтэй нойтон нөхцөлд байлгаж байна." гэсэн юм.


Харин ШШГЕГ-ын төлөөлөл энэ тухай: "Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарлах үед эмчийн үзлэгт оруулсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн. Харин сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байгаа. Амиа хорлоно гэж яриа гаргасан асуудал бий. Хэрэв өөрөө өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргах юм бол бид хуульд заасны дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж, таслан зогсоох болно." гэжээ.


С.Сарнай