Зуны дэлгэр цаг Монголд эхэллээ. Энэ үеэр монголчууд аялалд явах дуртай. Би ч гэсэн өмнөд хөрш рүү аялалаар явахаар шийдлээ. Нийслэл хотод 6-р сарын хорьдоор ирэхэд харин цасан шуурга шуурч өдрийн цагт дөнгөж нэмэх 10 градус болж хүйтэрдэг юм байна. Зуны дунд сар цас орж шуурах нь цаг цөвүүн болсны шинж гэлтэй. Явахын өмнө монгол төгрөгөө юань болголоо. Хэдхэн хоногийн өмнө нэг юань 527 төгрөг байсан бол долоо хоногийн дараа 533 төгрөг болжээ. Өдөр бүр 1 төгрөгөөр ханш нэмэгддэг бололтой.
Монгол төгрөгний ханш байнга л доош унаж байх юм. Би 2006 онд олимпийн үеэр Хятад-Түвд руу аялалаар явах үед нэг юань 170 төгрөг байсан. Гэтэл одоо ханш 3 дахин унасан байх юм. Яахлаараа бусад орны юань, иен, воны ханш унахгүй хэвээр байхад манай төгрөг байнга доош унадаг юм бол?
Монгол төгрөгийн ханш сүүлийн 35 жил тасралтгүй доош унаж байхад төгрөгний ханшийг хамгаалах үүрэгтэй Монгол банк юү хийсэн юм бэ? 6-р сарын 21-ний өглөө бид Замын-Үүдийн зүг галт тэргээр гарлаа. Галт тэрэгний УБ-Замын Үүдийн купений үнэ 84400 төгрөг болж нэмэгджээ. УБ-Замын Үүдийн галт тэргээр бүтэн шөнө довтолгосоор дараа өглөө Замын -Үүд дээр буулаа. Орчин үед монголын галт тэрэг 700 км замыг 15 цаг туулна гэдэг мөн ч их хугацаа шүү.Орчин үеийн хурдны галт тэрэг ийм замыг ердөө хоёрхон цагийн дотор туулдаг юм. 2003 онд би “Бээжин-Шанхайн” чиглэлд аялалаар явж байхад хурдны суман галт тэрэг нэг цагт 300 км хурдалдаг байж билээ. Сүүлийн 70 жил монголын төмөр зам хөгжсөнгүй, цахилгаанжсангүй, төмөр замаа хоёр салаа болгож чадсангүй. Монголын төмөр зам маань урьдын адил цагт 40-50 км хурдтай мөлхөж, илчит тэрэг нь утаа савсуулан явж вагон дотроо гал түлж усаа буцалган явж байна. Монгол улс төмөр замын хоцрогдолоосоо хорин нэгдүгээр зуунд гарах шинж ер алга. Бид Замын-Үүдэд 6-р сарын 22-ны өглөө нь буугаад автобусаар хил гааль нэвтэрч гарлаа. Монголчууд хил гааль дээр далайн давалгаа мэт олуулаа орж ирэх аж. Ямар ч олон монгол хил гардаг юм бэ. Хэдэн мянгаараа л өмнөд хөрш рүү гарч байна.
Эрээн хотод очлоо. Үнэхээр сайн хөгжжээ. Дардан зам, өргөн шулуун гудамжтай, цэмцгэр цагаан барилгуудтай цэвэрхэн сайхан хот аж. Зочид буудал нь хямд, чанартай сайн болжээ. Хоол унд нь чанартай сайн монгол хоол тул сэтгэлд өег юм. Дэлгүүр зах дээр Эрээний бүх худалдаачид бүгд монголоор ярьж үйлчлэх нь сэтгэлд таатай.
Дараа өдрийн өглөө бид шинэхэн “Yotong” маркийн том оврын тохилог автоусанд суулаа. 2 автобус дүүрэн монголчууд буюу нийт 90 хүн Хөх хотын зүг аян замд гарлаа. Эрээнээс Хөх хот хүртэл автобус 400 км замыг 6 цаг явдаг юм байна. Эрээнээс Хөх хот хүртэлхи говь цөлийг хятадууд ойжуулж харгана, мод тарьж ногоон болгожээ. Бид Эрээнээс өдрийн 13 цаг 30 минутад гарлаа. Уг нь өдрийн 12цагт гарах байсан юм. Гэвч зарим монголчуудын нөгөөх цагаасаа хоцордог хэнэггүй зангаас болж хожимдож гараад 6 цаг явж орой нь 19 цаг 30 минутад Хөх хотод очлоо. Хөх хот явах дардан зам нь толь мэт цэмцгэр, 4 эгнээ сайн чанарын засмал зам байлаа. Замын тэмдэглэгээ нь цоо шинэ харагдаж байв. Ямар ч донсолгоо алга. Бидний автобусанд 8 сартай бяцхан хүү аав ээжтэйгээ явж байхад наян настай буурлууд ач зээтэйгээ хамт явж байлаа. Ихэнхи нь залуучууд, ахимаг насны хүмүүс явж байлаа. Хөх хот ойртох тутам зам нь өргөн болж хоёр талаар тарьсан мод нь улам өтгөн болж байлаа. Хөх хот руу ойртоход уул нүхэлсэн тоннелиуд таарч байлаа. Гурван том уулыг нүхэлж урт тоннель барьжээ. Нэг том уулын нүхэлсэн тоннель 3 км шахам урт үргэлжилж байлаа. Том том гүүрэн замуудыг барьжээ. Хөх хоын захаар орж ирэхэд 25-аас дээш өндөр цагаан барилгууд ярайн харагдана. Хотын төв замаар хятадын хамгийн сүүлийн үеийн дэгжин загварлаг автомашинууд давхилдана.
Хөх хотод би 2000 онд буюу 25 жилийн өмнө ирэхэд олон намхан улаан тоосгон барилгуудтай дунд зэргийн байдаг л нэг хот байсан. Одоо Хөх хотод тэнгэр баганадсан 20-40 давхар цагаан барилгууд ярайж ёстой нөгөө азийн цагаан дагина гэгч нь болсон байлаа. Хамгийн өндөр барилга 48 давхар байлаа. Хөх хот бол нов ногоон хот байна.
Тарьж ургуулсан мод нь эмх цэгцтэй, шөнө болоход ногоон моднууд дотор том ягаан алим ургасан мэт гэрэлтэж харагдах аж. Хотын зам нь 8 эгнээ өргөн шулуун дардан байлаа. Шөнийн реклам нь Токио хот шиг өнгө өнгөөр алаглан харагдана. Бид яван явсаар хотын төвийн талбайн хажууд нэгэн өндөр цагаан барилгын өмнө ирж зогслоо. Энэ бол бидний байрлах 4 одтой “Yijia” хэмээх зочид буудал байлаа. Бид буудалд орж байрлалаа. Буудалын нэг өрөө нь 2 ортой, усанд орох өрөөтэй маш тохилог сайхан буудал байв. Орой нь бид Алтан ханы хөшөөтэй талбайд очиж зургаа авхуулж дурсгалын зүйл худалддаг олон зах дэлгүүрээр орлоо. Алтан ханы энэхүү талбай нь шөнө өнгө өнгөөр гэрэлтэж яг л Токиогийн Асакусад ирсэн мэт байлаа. Тэр үдэш дулаахан намуухан, гудамж, талбай дүүрэн хятад хүмүүс холхилдон явж байлаа. Эргэн тойрон улаан өнгөтэй ханз үсэгтэй дэлгүүр лангуу үзэгдэнэ. Бид орой нь буудалдаа ирж амарлаа. Маргааш өглөө нь бид Хөх хотын хамгийн том Олон улсын Эмнэлэг дээр очиж хүн бүр эмнэлгийн шинжилгээ хийлгэлээ. Түм түжигнэж бум бужигнасан газар байлаа. Гэр хэлбэртэй олон давхар том байгууламж байлаа. Эмнэлгийн үйлчилгээ нь түргэн шуурхай сайн байлаа. Бидний зуугаад монгол хүн үдээс өмнө амжиж бүгдээрээ эмнэлгийн бүх төрлийн шинжилгээ өгч хариуг нь үдээс хойш 14 цагт өндөр мэргэжлийн өвөр монгол их эмчээс зөвлөгөө авлаа. Орой нь бид ресторанд зоог барихад тэндэхийн хоол нь олон төрлийн бөгөөд дуртай хоол ундаа тавганд дүүргэн авч байв. Монгол хүнд тохирох хоол цөөн байлаа. Монгол хоолны газар тэнд харагдахгүй байв. Зөвхөн хятад хоол энд тэндгүй байлаа. Би хятад хоолонд дургүй. Тэнд надад таарах хоол ердөө л хэдэн шарсан төмс, шарсан өндөг, шарсан тахианы мах, амталсан цагаан будаа төдий л байлаа. Бусад өч төчнөөн халуун ногоотой элдэв хятад хоол надад таалагдсангүй. Харин тэнд Хөх хотын сүү, цагаан идээний “Или” компаний үйлдвэрлэсэн тараг, ааруул нь амттай байлаа. Маргааш өглөө нь бид эхлээд Шинжлэх ухаан, технологийн том музейд очлоо. Үнэхээр орчин үеийн технологийн хөгжлийг үзүүлсэн сонин содон газар байлаа. Надад энэхүү газрын хамгийн дээд давхарт байрлах Хятадын сансар судлалын амжилтыг харуулсан үзмэр гайхалтай санагдлаа.
Хятад улс сансар судлалын талаар өндөр түвшинд хүрчээ. Хятадын хиймэл дагуул, хятадын сансрын хөлөгт орж үзлээ. Сансарт оршдог гаригуудыг үзлээ. Миний биеийн жин Саран дээр очвол 28 кг болох юм байна. Харин Наран дээр очвол 1250 кг болох юм байна.
Дараа нь бид нэгэн том брэндийн дэлгүүрт очлоо. Тэнд бүх бараа тэнгэрт хадсан өндөр үнэтэй тул монголчуудад авах бараа бараг алга байв. Хамгийн доод үнэ нь 400-500 юанаас дээш үнэтэй бараанууд байв. Бидэнд брэнд хэрэггүй, бидэнд хямд бөгөөд чанартай бараа хэрэгтэй байдаг юм. Дараа нь бид Хөх хотын зүүн захад оршдог “Набао” хэмээх Усан паркад очлоо. Харин тэнд үнэхээр сайхан газрыг байгуулжээ. Усан парк гайхалтай байлаа. Тэнд алсыг харагч дээр гарахад Хох хот алган дээр юм шиг сайхан харагдана. Алсад тариалангийн талбай ногоорон үзэгдэнэ. Тэндэхийн усан оргилуур хөгжмийн аясаар бүжиглэж байгаа мэт оргилно. Паркийг тойрч явад “Набао” хэмээх сайхан цэцэрлэгт хүрээлэнг үзлээ. Гайхалтай. Цэцэрлэг дотор алтадсан юм шиг шаргал өнгөтэй 4 морьтой хөшөө үзэгдэнэ. Тэрнээс цааш олон сайхан үзэсгэлэнт газрыг байгуулжээ. Том хүрхрээнээс ус шоржигнон доош гоожно, хиймэл нуурыг хойхно нь байгуулжээ. Хүмүүс нууранд завьтай зугаалах аж. Тоглоомын паркад олон хүүхэд залуус харагдаж байлаа. Маш сайхан байгалийн үзэсгэлэнт газрыг байгуулжээ.
Өмнөд монголын “Замчин Трэвэл” компаний хөтөч Цэнгэл хэмээх залуу чин сэтгэлээсээ сайн үйлчилж эмнэлгийн шинжилгээ, үзвэрийг хуваарийн дагуу үзүүлж тусалсанд бид ихэд баярлаж байлаа. Цэнгэл Хөх хот ингэж түргэн хугацаанд хөгжсөн тухай ярихдаа “Сүүлийн 15 жилийн дотор Хөх хот өндөр хурдтай хөгжсөн.
Си Жипэн дарга “ Бүх Хятад даяар шавар байшинд хүмүүсийг амьдруулахгүй, Шороотой замаар хөдөө нутагт явуулахгүй ”гэсэн уриа гаргаж Хятад даяар хөдөө бүс нутгийг танигдахгүй болтол нь хөгжүүлсэн. Хөдөө нутагт бүгд орчин үеийн байшинд / хаус/ амьдардаг болсон, хөдөө нутгийн суурин газрууд бүгд авто засмал замаар холбогдсон” гэж байв. Үнэхээр Хөх хот орчин үеийн супер хот болж чаджээ. Олон эгнээ замтай, орчин үеийн 20-40 давхар цагаан, хүрэн улаан өнгийн барилгуудтай, том том гүүрэн замтай, нов ногоон мод, цэцэрлэгтэй сайхан хот болжээ. Харин Хөх хотын бүх газар, дэлгүүр, буудал, барилга байгууламжууд нь бүгд ханз үсгээр бичсэн хятад реклам хаягтай байлаа. Босоо монгол бичгээр бичсэн хаягтай барилга байгууламж ховорхон байлаа. Хөх хотын дэлгүүр гудамжаар явж байхад бараг нэг ч өвөр монгол хүнтэй таарсангүй. Бүгд хятад иргэн харагдаж байлаа. Хөх хотод Метро байгуулсан нь сонин содон зүйл байв. Хөх хотын метрог анх 2015 онд барьж эхлээд ердөө дөрөвхөн жилийн дотор буюу 2019 оны 12-р сард анх 1 дэхь шугам нээгджээ. Дараа нь 2020 онд 2 дахь 28,2 км урттай шугам ашиглалтанд орсон. Одоо нийт 44 өртөөтэй, 49 км урт метротой болчихоод байна. Метроны эрчим хүчний хэрэгцээг хангах зориулалттай хоёр дэд цахилгаан станц барьжээ. Улаан, хөх гэсэн хоёр шугам байдаг. Метроны галт тэрэгнүүд нь жолоочгүй автоматаар явдаг. Цаашид Хөх хотод 3,4,5,6 дахь метроны шугамууд барихаар төлөвлөөд байна.
Хөх хотын Метрог ашиглахад хялбар байдаг. Тасалбар авах автомат машинууд нь энгийн бөгөөд олон гадаад хэлээр ярьдаг, картаар тасалбар авах боломжтой. Үнэ нь ердөө 2-6 юань. Гоёмсог дүрэмт хувцастай ажилтнууд нь найрсаг сайхан харилцаатай соёлтой хүмүүс байдаг.
Өртөөний газрын зурагны бүх тэмдэглэгээ нь хятад, англи галиг, босоо монгол бичгээр бичсэн байдаг. Метроны өртөөний нэрийг хятад, монгол, англи хэлээр зарладаг юм. Монгол улсаас тэнд очсон монголчууд өртөөний нэрийг нь англи, хятад хэлээр, босоо монгол бичгээр ч уншиж чаддаггүй хэцүүддэг юм. Хөх хотын түүхээс бага зэрэг дурдая. Хөх хот нь монголын эртний нутаг Түмэдийн талд орших Даланхар уулын энгэрт Их түргэн голын ард байрласан эртний хот юм. Хөх хотыг анх Монголын Түмэдийн Алтан хан 1571 онд байгуулж тухайн үедээ Хөх хот хэмээн нэрийджээ. Мин улсын Цзяцзин (1522-1566)-гийн үед Түмэдийн Алтан хан Хөх хотын эргэн тойрон нутгийг эзэмшин захирч Мин улсаас оргосон хятад оргодлуудыг байшин гэрт суулган тариа будаа тариулж байснаар хятад иргэдийн тоо 5 түм болон өсчээ. Мин улсын үеийн хятадууд Хөх хот хэмээн дуудалгүй Гуйхуа хот хэмээн дууддаг байжээ. Алтан ханаас хойш түүний гуравдугаар ордны хатан Хөх хотыг удаан хугацаагаар захиран суусан тул зарим үед бас Жүнхэн хатны хот гэж нэрлэдэг байв. 1578 оноос хойш Төвдийн гэлүгба шашны тэргүүн лам Хөх хотод ирж бурханы шашин ном дэлгэрүүлж Их зуу зэрэг бурханы сүм хийд баригджээ. Манж Чин улсын үед энэ газарт Түмэд зүүн баруун гарын онцгой хошуу, Гуйхуа танхим, Тогтох танхим, Тогтог танхим, Гуйсигийн цэргийн бэлтгэлийн зам зэргийг байгуулжээ. 1738 оноос 1739 оны хооронд цэргийн сэргийлэлтийн хот байгуулж Хөх хотын нэрийг Суйюань хот гэж нэрлэв. 1929 онд Суйюань муж болгож өөрчлөв.
Монгол хязгаарын засгийн газрын үед дахин Хөх хот хэмээх нэрийг сэргээж засгийн ордны төв болгож байв. 1949 оноос эхлэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны харьяа төв хот болжээ. Эдүгээ Хөх хот бол БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны аймгийн зэрэглэлтэй хот гэгддэг ажээ.
Эдүгээ Хөх хотын хүн ам 3 сая 500 мянга болж үүний дотор монгол үндэстэн 8.7 хувь буюу 205 000 байна, 88.5 хувь буюу 2 сая 600 000 нь хятад хүн эзэлж байгаа ажээ. Эдүгээ Хөх хотын Дотоодын нийт бүтээгдэхүүн 50.0 тэрбум ам доллар, нэг хүнд ногдох ДНБ 16500 ам долларт хүрчээ. Хөх хотын газар нутаг нь 17.1 мянган квадрат км, хотын бүс нь 2000 квадрат км ажээ. Хөх хот нь төвдөө 4 дүүрэгтэй, хөдөөд 5 дүүрэгтэй юм байна. Хөх хотын дарга, Хөх хотын ардын төлөөлөгчдийн хурлын дарга нь бүгд хятад хүмүүс аж. Бид 6-р сарын 24-ны үдийн 13 цагт Хөх хотоос гарч Эрээн хотын зүг буцаж явлаа. Эрээн хотод оройн 19 цагт ирлээ. Эрээн хотод хоноод маргааш 25-ны өдөр нь хил, гааль нэвтэрч орой нь 18 цагт УБ хотын зүг галт тэргээр хөдөллөө. 6-р сарын 26-ны өглөө нийслэл Улаанбаатар хотдоо бид аян замдаа сайн явж сайхан сэтгэгдэлтэй буцаж ирлээ. Миний толгойд “Монгол улсын хөрш Хятадын Хөх хот, Казахстаны Астана хот сүүлийн 15 жилийн дотор маш хурдтай хөгжчихсөн байна. Өмнө нь би хөгжил Монголоос хол Шанхай, Хонгконг, Солонгос, Сингапурт байдаг хэмээн боддог байв. Гэтэл хөгжил Монголын хажууд ирчихжээ. Манай улсын нийслэл Улаанбаатар хот яагаад хурдтай хөгжиж чадахгүй байна вэ. Монгол улс хурдан хөгжиж чаддаггүй нь улс төржилт, хэрүүл тэмцэл, авилгал, хулгай, жил бүр Засгийн газраа огцруулдаг тогтворгүй сул дорой төрөөсөө болдог юм байлгүй дээ” гэсэн бодол эргэлдэнэ. Хөрш зэргэлдээ Хятад улсын Өвөр Монголын хурдтай хөгжлийг хараад надад цагаан атаархал төрснийг нуух юун.
Доржийн СҮХБААТАР 2026.06.28
Мягмар - 06 сарын 30,
2026

Сэтгэгдэл3
Эээ энэ 16 настай бацаан юугаа мэдэхэв дээ. Ааваараа бичүүлээд өөрөө бичсэн болгоод зурагаа наачихаж. Чааваас
МАН хулгайч луйварчин алуурчдаа дархалж саарал ордноор дүүргэн гадагшаа дүрвүүлэн зугатаалгаж байгаа цагт хөгжил гэж ярих огт хэрэггүй. Монгол хүн бүр хулгай хийж идэж байгаа. Хулгай хийдэггүй монгол гэж хаана ч байхгүй. 14 тэрбумыг хулгайлж идсэн Хүрэлсүхийг ерөнхийлөгчөөр сонгож удаа дараа хүн алж хүчин хийсэн Номгүйбаярыг сайд болгож байгаа улсыг юу гэхэв. Хүн алж хүчиндэж хулгай хийсэн улс сайхан амьдарна гэсэн ойлголтыг МАН монголын ард түмэнд өгч үлгэр жишээ үзүүлэн сурталчилж байна.
Баярцогт Оюутолгойн хувьцааг эзэмшиж эзэмшиж ашиг авдаг . Хүрэлсүх , Учрал , Баяр Сү Батболд Номтойбаяр , Дамдинням Энхбаяр Булгантуяа нар ч бас нууцаар хувьцаа эзэмшиж ашиг авч байгаа бололтой. Шүүхээс С.Баярцогтыг “Айвенхоу Майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг 1,3 сая ам.доллар буюу 2 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Арван сарын дараа хувьцаагаа эргүүлэн худалдаж, 1.8 тэрбум төгрөгийн ашиг хувьдаа олсон гэж буруутгаж байсан.