Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 752 хэрэг шинээр нээж, 810 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 346, Өмчлөх эрхийн эсрэг 231, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 124, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 19, Авлигын 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 13, бусад төрлийн гэмт хэрэг 32 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал:
-Д.Г нь нийтийн албан тушаалтан буюу Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар “Дэлхийн шилдэг их сургуулийг бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй суралцагч нарт 421,530 ам.доллар (1,433,986,045 төгрөг), 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 447,991,689.25 төгрөгийг тус тус шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,
Мөн 2022 оны А/28, А/52 дугаартай “Урамшуулал олгох тухай” (40 хувь) тушаалаар нийт 796,656 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг өөртөө олгохоор шийдвэрлэж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-Т.С нь 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн 11 сартай хүүхдийн амь насыг хохироож, бага насны хүүхдийг алсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Бага насны хүүхдийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-М.О нь Япон улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх эмийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж, 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-Н.М, Х.О, А.З, З.Г нар нь бүлэглэн 2023 оны 3-6 сард нэр бүхий хохирогч нарт хүч хэрэглэн халдаж, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө, мөнгө өгөхийг шаардаж, бие махбодид нь халдан зодож, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан, заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Дээрэмдэх), 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хүнийг хүчээр алга болгох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-Г.О нь 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 6 сар хүртэлх хугацаанд нэр бүхий хохирогч нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүүтэй мөнгө зээлсэн гэх шалтгаанаар эрхшээлдээ байлгаж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг (Бэлгийн мөлжлөг)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
-Г.С, Н.Г нар нь бүлэглэн 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, Г.С нь насанд хүрээгүй хүүхдүүдийг тус бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангаж, улмаар нэр бүхий насанд хүрээгүй хүүхдийг мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах), Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
-С.Б, Р.М нар нь бүлэглэн “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Турк Улсаас нэр бүхий иргэнээр дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргээс:
-С.Х нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 7 иргэнийг “Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна”, “Хямд үнэтэй орон сууцанд оруулна”, “Бүртгэлийн төлбөр төлбөл түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, бусдад нийт 48,2 сая төгрөгийн хохирол учруулж залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Залилах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл0