sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, үндэсний дээд лигийн “Хилчин ТиЖэй” багийн ахлагч, ОУХМ Г.Энхнаранг урьж, ярилцлаа.

 

-2025 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын багийн мэндчилгээ нь үндэсний бүжиг байсан шүү дээ. Монголын тухай мэдэхгүй бусад баг тамирчдын хувьд их сонирхолтой санагдсан байх. Энэхүү дурсамжаар нь яриагаа эхэлье?


-Юун түрүүнд “Зууны мэдээ” сонины уншигч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 2025 оны наймдугаар сард Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Хонг Конг улсад болж өнгөрсөн. Тэмцээний өмнө баг тамирчид эв найрамдлыг бэлгэдэж мэндчилгээний үзүүлбэр үзүүлдэг уламжлалтай. Бид энэхүү мэндчилгээгээрээ дамжуулан Монголынхоо өв соёл, зан заншлын сайхныг бусад орны хүмүүст сурталчилж, үндэсний хувцас хийгээд монгол бүжгээ таниулахыг зорьсон. Өөр улсын баг тамирчид өмсгөлтэйгөө байхад манай баг ганцаараа үндэсний хувцсаа өмссөн байсан. Үүгээрээ тэмцээний дараа ч Монголын баг тамирчид, монгол хувцас, монгол бүжиг ямар гайхалтайг дурсаасай гэж хүссэн.


-Олон улсад эх орноо төлөөлөн оролцох шигшээ багийн шилдэг тамирчин болох хүртэл тууштай хөдөлмөрийн замнал тань сонирхол татаж байна. Яагаад тамирчны замналыг сонгов?


-Анх 2007 онд спортын мастер Г.Баярсайхан, О.Наранбаатар багш нарынхаа удирдлага дор волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Багаасаа спортод дуртай, хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан учир ангиасаа спортын арга хэмжээнд тогтмол оролцдог байв. Дотнын найзтайгаа анх Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын ордонд сагсан бөмбөгөөр хичээллэх зорилготой очиход хоёр багш маань бэлтгэлээ орж байлаа.


Волейболын спорт бүү хэл, хэдэн зуун төрлийн спортоос арвыг нэрлэж мэддэггүй жаахан байсан миний бие волейболын спорттой танилцаж, бэлтгэлийг нь бараг хоёр цаг шахам үзээд сууж байснаа санадаг.


Тэр үеийн багш нарын маань заах арга барил, ах эгч нарын бөмбөгийг газарт ганц ч унагалгүй чадварлагаар харилцан тоглож байгаа байдал зэргийг хараад сүрдэж, сэтгэл их хөдөлж байсан юм. Тэгээд л маргааш нь ээждээ “Ээж ээ, би волейболын бэлтгэлд явъя. Намайг багштай нь уулзуулаад өгөөч” гээд найзтайгаа хамт багш дээрээ очиж бүртгүүлснээр волейболын спортын замналдаа эргэлт буцалтгүй орсон доо. Одоо бодоход, жаахан хүүхэд учраас спортын хүнд хэцүү зүйлсийг ер мэдэхгүй, гоё сайхан талуудыг нь л их хардаг байж. “Ингэж хол гүйдэг юм байх даа. Ингэж ядарч, хөлсөө гартал тоглох ёстой юм байх даа. Нэг зүйлээ ийм их давтах ёстой юм байх даа” гэж боддог байж билээ.


-Анхны бүхэн сэтгэлд тод үлдэх нь бий. Хамгийн дурсамжтай тэмцээнээсээ бидэнтэй хуваалцаач?


-Гурван гишүүний бүрэлдэхүүнтэй, анхлан суралцагч хүүхдүүдийн “Мини волейбол”-ын улсын аварга шалгаруулах тэмцээнд орохоор Улаанбаатар хотыг зорьж байлаа. Анхны тэмцээнээсээ медаль авч чадаагүй ч “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарч байсан юм. Тэр үе сэтгэлд их тод үлджээ. Анх юм үзэж, нүд тайлсан хамгийн дурсамжтай тэмцээн минь байсан. Энэ жилийн “Мини волейбол”-ын улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан “Буянт Ухаа” спорт цогцолборт болж өнгөрлөө. Олон хүүхдүүд орж байгааг хараад өөрийнхөө жаахан байх үеийг их санаж, дурсамж хөвөрч суулаа.


-Волейбол бол багийн спорт. Хамтын хүч. Үүнд баг хамт олноо нэгтгэх ахлагчийн үүрэг, оролцоо их чухал байдаг шүү дээ?


-Нэг өдөр өөрөө сэтгэл санаа сайхан байсан ч багийн гишүүн нь урвайгаад ороод ирэх үе байна. Өөрөө өвдөөгүй байсан ч өөр нэг хүн нь өвдөөд суух үе ч бий. Тэр бүгдэд санаа зовниж, анхаарал тавих зэргээр хариуцлага нэмэгддэг. Цаг ямагт гишүүдээ ажиглаж, харилцаж байх шаардлагатай. Тэгж байж нэгнийгээ ойлгож, харилцаа маань илүү бат бөх болж нэг баг байхын утга учир нь бүрэлддэг юм. Тиймээс бүхий л үед дүү нартаа болон багийнхаа охидод үлгэр дуурайлалтай байхыг хичээдэг.


Мөн багийн уур амьсгал тоглолтод шууд нөлөөлдөг учраас тэмцээний өмнө хамгийн түрүүнд өөртөө болон багийнхандаа урам зориг өгч сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Тэмцээндээ төвлөрч, сэтгэл зүй болон бие махбодоо байнгын хянаж тогтвортой байлгаснаар тоглолтын үеийн гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг.


Волейболын спортоор хичээллэснээр бие бялдар болоод багаар ажиллах чадварыг хөгжүүлж, ахмад тамирчид хийгээд багийнхаа гишүүдийг хүндлэх, олон хүмүүсийн дунд биеэ зөв авч явах зэрэг олон зүйлсэд суралцдаг. Энэ дундаас багаар ажиллаж сурах нь хамгийн давуу талтай, онцлог зүйл нь юм.


-Тэгвэл та өөрөө үлгэр дуурайлал авдаг байсан эсвэл тамирчин болоход тань нөлөөлсөн хүн бий юу?


-Харж үлгэр дуурайлал авдаг тамирчин гэхээс илүү хоёр багшаасаа их зүйлсийг сурсан гэж боддог. Хоёр багш маань ур чадвар, техник, сэтгэл зүрх бүх тамирчдаас илүү санагддаг. Тиймдээ ч “Багш шигээ л болно доо” гэж боддог байсан. Одоо ч гэсэн тэд маань олон хүүхдэд волейболын спортыг зааж сурган, ирээдүйн мундаг тамирчдыг бэлтгэсээр байна.


-Та Монгол Улсын урдаа барих шилдэг эмэгтэй тамирчдын нэг. Хамгийн бахархалтай мөч нь хэзээ байв?  


-Цар тахлын дараа 2021 онд Үндэсний дээд лигийн тэмцээн зохиогдож, “Хилчин” баг маань анхны Үндэсний дээд лигийн тэмцээндээ оролцон алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнээс “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг авч, энэ үед хамгийн том амжилтаа гаргасан болов уу. Энэ жил манай шигшээ баг Хонг Конг улсад болох 2026 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Энэ тэмцээн нь манай шигшээ багийн амжилт гаргах хамгийн боломжтой тэмцээн учир Монгол Улсдаа медаль авчрах том зорилгыг тавьж, багаараа бэлтгэл сургуулилтаа хийж байна.


-Магадгүй шантрах үе тохиож байв уу. Хэцүү үеэ хэрхэн даван туулдаг вэ?


-Тамирчин бүрд л шантрах үе байдаг байх. Миний хувьд ч бишгүй олон тохиолдсон. Олон улсын тэмцээнд ялагдал хүлээгээд ирэхэд хүмүүсээс ирж буй сөрөг сэтгэгдэл, зэмлэл зэргээс үүдэн шантрах үе олон байсан. Түүнчлэн ачааллаас шалтгаалан хөнгөн бэртлүүд гарах тохиолдол бий.


Энэ олон жижиг зүйлс нийлээд тоглолтын үед гүйцэтгэл муутай тоглоход нөлөөлж, өөрийгөө бүрэн дайчилж чадахгүй хэмжээнд хүрдэг. Үүнээс л болж тамирчин хүнд “Больё” гэх бодол төрдөг байх.


Иймээс тэмцээнгүй үед өдөр бүр яг таг амрахыг бодолгүй, нэг цаг ч болов бие махбодоо сэргээж, булчингаа ажиллуулан лигийн түвшинд удаан тоглоход тус болохуйц чанартай бэлтгэл хийж, дадал болгохыг хичээдэг. Амралтын үе бол гэмтэл бэртлээ эдгээж, сул тал дээрээ ажиллах хамгийн тохиромжтой үе гэж би боддог. Мөн гэрийнхэнтэйгээ цэвэр агаарт гарах, нээлтээ хийж буй шинэ кино болгоныг үзэх гэх мэтчилэн гэр бүлдээ цаг гаргахыг их хичээдэг.




М.НАМУНБАЙГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин