sonin.mn

ОСЛО, 2024 оны тавдугаар сарын 22 /NRK/. Норвегийн Засгийн газар Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасныг тус улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Уг шийдвэр тавдугаар сарын 28-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Норвегийн эрх баригчид Ойрх Дорнодод энх тайван тогтоох шаардлагатай байгаа, улмаар Палестин улсыг хариуцлагад татах боломж нээгдэх тул Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргажээ. 


“Палестиныг хүлээн зөвшөөрсний дараа бусад улс орон Палестин улсыг байгуулахыг дэмжих үйл явцад бид илүү хүчтэй нөлөөлж, улмаар Палестин улсыг хариуцлагад татах боломжтой болно" гэж Стёре мэдэгдлээ. 


Испани, Ирланд болон Европын Холбооны гишүүн зарим орон Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх шийдвэрийг тавдугаар сарын 21-ны өдөр гаргана гэж тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель тавдугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Палестиныг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг зургаадугаар сарын дундуур гаргана гэж Словени улсын эрх баригчид мэдэгджээ.  Дээрх шийдвэртэй холбогдуулан Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац асуудлыг зөвлөлдөхөөр Ирланд,Норвеги улсуудад суугаа Элчин сайд нараа эгүүлэн дуудсан байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг