sonin.mn

АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЛУВСАННЯМЫН ГАНТӨМӨР ТАНАА


Уриалга хүргүүлэх тухай


Монгол Улсын “Үндсэн хууль”-д Улсын их хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна гэж өөрчлөлт оруулсан. ингэхдээ Улсын хурлын сонгуулийг “сонгуулийн холимог тогтолцоо”-гоор явуулна. Улсын “далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан.


Бага орлоготой орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.5 орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг бол өндөр хөгжилтэй орнууд 3 орчим хувийг зарцуулдаг нь улс орнуудын хувьд хөгжлийн ялгаа бий болгох голлох шалтгаануудын нэг юм. Өнөөдөр манай улс бага орлоготой орнуудын зарцуулдгаас ч бага төсөв шинжлэх ухаанд зарцуулж байгаа нь нууц биш билээ. Шийдвэр гаргах түвшинд эрдэмтэн судлаач, технократуудыг олноор оруулж судалгаа шинжилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалтад тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх болон татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх аваас хөгжлийн шинэ эринг авч ирнэ гэж бид үзэж байна.


Улс орнуудын хөгжлийг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь эрчим хүч байдаг. Монгол Улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө импортын хамаарлаас ангижирч, экспортлогч орон болгохын тулд атомын цахилгаан станц (АЦС), усан цахилгаан станц (УЦС), нарны цахилгаан станц (НЦС), салхины цахилгаан станц (СЦС) зэрэг цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг өргөтгөх, түүнчлэн уул уурхайн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шинжлэх ухаанч, өндөр технологийн гүрэн болоход физикч Норовын ТЭГШБАЯР доктор хувь зохих нэмэр оруулна гэдэгт бид бүрнээ итгэж байна.


Тиймээс дээрх дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэдэг заалтын дагуу танай намаас гаргах жагсаалтын сонгогдох магадлалтай дараалалд физикч Норовын ТЭГШБАЯР докторыг багтааж, Монгол Улсын Их Хуралд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна.


Бидний энэхүү уриалгыг хэлэлцүүлж, дэмжинэ гэдэгт найдаж байна.