sonin.mn

Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсангийн тойруу орчимд амьдардаг 20 мянган оршин суугч, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.


Энэ үеэр иргэдийн төлөөлөл: "Бид шат шатны төрийн байгууллагууд руу санал гомдлоо үе шаттайгаар хүргүүлж байсан. Гуравдугаар сарын 27-нд нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах талаар оршин суугчид, ААН-ийн төлөөллүүдийн гарын үсэг бүхий албан хүсэлтийг холбогдох байгууллагуудад илгээсэн. Хуулийн 30 хоногийн хугацаа өчигдөр дуусгавар болсон.


Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нарийвчилсан судалгаа, шинжилгээг хийж буй тул дууссаны дараа дараагийн шатны арга хэмжээг авна гэж хариу ирүүлсэн. Иргэдээс энэ сарын 12-19-ний өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд санал авсан. 3100 хүн саналаа өгснөөс 86 хувь нь үргэлжлүүлэхгүй гэдэг хариу өгсөн.


Гэвч одоо хүртэл ямар ч хариугүй, цуцлах шийдвэр гаргахгүй байгаад хариулт авмаар байна. Иймээс бид маргааш жагсаал зохион байгуулна.4000 орчим машин явдаг байсан замд 3000 машин нэмэгдэж, утаа тоосжилтын хэмжээ ихсэж, зам хөндлөн гарах явган зорчигчдод эрсдэл үүсэж байна." гэв.

Мөн ХААИС-ийн оюутны холбооны тэргүүн уг түгжрэлийн улмаас оюутнууд хичээлдээ 30-40 минут хоцордог болсон гэсэн юм.



О.Чулуу