sonin.mn

Палестиныг НҮБ-д элсүүлэхийг АНУ дэмжсэнгүй. Хятад, Египет, Ирланд зэрэг орнууд үүнд харамсаж буйгаа илэрхийлэв. Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл мөн мэдэгдэл гаргаж, Ойрхи Дорнодод шударга, иж бүрэн энх тайван тогтоох хүчин чармайлтыг АНУ хойш нь татаж байна гэж шүүмжилсэн байна.


Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд 4-р сарын 18-ны өдөр Палестиныг НҮБ-д элсүүлэх саналыг АНУ дэмжээгүй. Өөрөөр хэлбэл тэд Палестины ард түмний олон арван жилийн мөрөөдлийг хайр найргүй дэвсэлж, Палестин-Израилийн асуудалд хоёр нүүр гаргаж, "давхар стандарт"-ыг дахин гаргав. Газын зурваст дайн үргэлжилсээр байх үед АНУ зохих үүргээ биелүүлэхгүй, Палестины ард түмэн шударга шаардлагаа тавихад АНУ түүнийг үндэслэлгүйгээр эсэргүүцэж буй нь АНУ-ын “нэг талын” бодлого нь Палестин-Израилийн энхийн үйл явцад хамгийн том саад тотгор болж байгааг хүмүүс тодорхой харах боломжийг олгож байна.


Одоогоор Палестин-Израилийн мөргөлдөөн үргэлжилж, хүмүүнлэгийн хямрал улам хурцадсаар байна.


Газын зурвасын эрүүл мэндийн газраас 4-р сарын 19-ний өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Газын зурваст Израилийн цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 34 мянга гаруй палестин хүн амиа алдаж, 77 мянга орчим хүн шархаджээ. Палестин-Израилийн асуудлаарх хамгийн чухал гуравдагч тал болох АНУ Газын зурваст хангалттай тусламж үзүүлээгүй ч Израильд зэвсэг, техникийг тасралтгүй нийлүүлж, НҮБ-аас гаргасан Газрын зурваст гал зогсоох тухай тогтоолуудад удаа дараа хориг тавьж байна. Египетийн Арабын хөгжил, стратегийн судалгааны сангийн тэргүүн Самир Рагиб: Газын зурваст асар их хохирол амссан нь "АНУ-аас нийлүүлсэн зэвсэг, сум, түүний ёс зүйгүй тохирооноос үүдэлтэй" гэж шүүмжилсэн байна.


Ер нь хамгийн санаа зовоосон зүйл бол Палестин-Израилийн мөргөлдөөний үр дагавар үргэлжилсээр байгаа явдал. 4-р сарын 19-нд АНУ болон Израилийн албаныхан Израиль Ираны эсрэг агаарын довтолгоо хийсэн гэж мэдээлсэн бөгөөд Ойрхи Дорнод нь өс хонзонгийн шавар балчигт шигдсэн бололтой. Палестины асуудал бол Ойрхи Дорнодын асуудлын гол цөм юм. Тиймээс Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх нь урьд өмнөхөөсөө илүү нэн тулгамдсан асуудал болж байна.

Хачирхалтай нь НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Гринфилд Палестиныг НҮБ-д албан ёсоор гишүүнээр элсүүлэх нь Палестин-Израилийн мөргөлдөөнийг "хоёр улсын шийдэл"-д хүрэхэд тус болохгүй гэж мэдэгджээ. Хүмүүс АНУ-ын төлөөлөгчөөс "хоёр улсын шийдэл"-д хүрэхэд юу туслах вэ? АНУ Израиль руу удаа дараа илгээсэн зэвсэг үү? Эсвэл НҮБ-д ар араасаа хориг тавих уу? гэж асуухад хүрч байна. Энх тайвнаас гажсан эдгээр үйлдлүүд нь АНУ олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт "эвдэн сүйтгэгч", "өдөөн хатгагч" гэдгийг улам баталж байна. Палестины ард түмний ирээдүй, хувь заяатай холбоотой асуудалд хэн ч хориг тавих эрхгүй.


Наянтайн Далантай