sonin.mn

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /The Guardian/. Цагаачдыг Руанда улс руу албадан гаргах тухай хуулийн төслийг Их Британийн парламент дэмжсэн тухай “The Guardian” сонин мэдээлэв. Уг баримт бичгийг парламентын доод танхим буюу Нийтийн танхим нэгдүгээр сарын 17-нд гурав дахь хэлэлцүүлгээр баталсан боловч Лордуудын танхим нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаарджээ. Дөрөвдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр хуулийн төслийг эцэслэн батлах төлөвтэй байна.

Лордуудын танхимд уг асуудлаар гуравдугаар сарын сүүлчээр санал хураалт явуулсан бөгөөд тухайн үед хуулийн төслийг батлахыг дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулжээ. “The Guardian” сонинд бичсэнээр, парламентын гишүүд олон улсын хууль тогтоомжид нийцээгүй зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явуулсан байна. Харин өнөөдрийн санал хураалтын дүн шөнө дунд гэхэд гарчээ. Ерөнхий сайд Риши Сунак "парламентын ордонд хонохоос аргагүй болсон ч гэсэн хуулийн төслийг мягмар гараг гэхэд баталж дуусгахыг" гишүүдээс шаардсан аж. 




Их Британид хууль бусаар цагаачлан ирсэн хүмүүсийг Руанда улс руу шилжүүлэх зорилготой энэхүү хуулийн төслийг батлахыг 2021 оноос хойш оролдож байгаа юм. Эдгээр хууль бус цагаачид Их Британид оршин суух эрх хүссэн өргөдлийнхөө хариуг Руандад хүлээх аж. Ийм хувилбарыг Их Британийн Дээд шүүх өнгөрсөн оны 11 дүгээр сард хууль бус гэж үзжээ. Руанда бол улс төрийн орогнол хүсэгчдэд аюултай улс гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна.

Их Британи нь Европын хүний эрхийн конвенцод нэгдсэн тул уг хуулийн төслийг баталснаар тус улсын засгийн газар Европын хүний эрхийн шүүхэд татагдаж магадгүй байна. Өмнө нь Европын шүүх орогнол хүсэгчдийг Руанда руу илгээхийг хоригложээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг