sonin.mn

ИЕРУСАЛИМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /BBC/. Израилын цэргийн тагнуулын газрын дарга Аарон Халива өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС зэвсэгт бүлэглэлийнхний үйлдсэн халдлагын үеэр гарсан алдаа дутагдлын хариуцлагыг хүлээж, албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгджээ.

Хошууч генерал А.Халива бол Израилын түүхэн дэх хамгийн аймшигт халдлагыг урьдчилан харж, сэргийлж чадаагүй гэдгээ мэдэгдсэн Израилын хэд хэдэн ахлах командлагчийн нэг юм. Тэрбээр огцрох өргөдөлдөө “Миний удирдлагад байсан тагнуулын хэлтэс бидэнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй. Тэр хар өдрийг миний бие сэтгэлдээ тээсээр ирлээ” хэмээн бичжээ.




10 дугаар сарын 7-ны халдлагын үеэр ХАМАС болон бусад бүлэглэлийн олон мянган гишүүд Газын эргэн тойрон дахь өндөр технологи ашиглан босгосон аюулгүй байдлын хамгаалалтыг нэвтэлснээр Израилын цэргийнхнийг гэнэдүүлж, тус зурвасын орчимд амьдардаг иргэд рүү дайрсан юм.




Дайралтын улмаас Израилын болон гадаадын 1200 орчим иргэн амиа алдсаны ихэнх нь энгийн иргэд байжээ. Үүнээс гадна 250 орчим хүнийг олзлон Газын зурваст аваачсан бөгөөд 133 нь одоог хүртэл барьцаалагдсан хэвээр байна. Уг халдлага Израилын арми болон тагнуулын албаны нэр хүндийг гутаасан явдал байсан бөгөөд өмнө нь тус албыг "ялагдашгүй" гэж үздэг байв.

Зэвсэгт хүчний дарга, дэслэгч генерал Херзи Халеви, дотоодын тагнуулын газрын дарга Шин Бет, Ронен Бар нар уг дайралтын дараа хариуцлага хүлээсэн боловч Газын зурваст дайн үргэлжилсээр байгаа энэ үед албан тушаалаа хашсан хэвээр байгаа юм. Харин Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнөөг хүртэл хариуцлагыг хүлээгээгүй байгаа бөгөөд түүнийг дайралтаас урьдчилан сэргийлж, хамгаалж чадаагүй гэж израилчуудын ихэнх нь буруутгаж байгаа нь санал асуулгуудын дүнгээс харагдаж байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг