sonin.mn

СИНГАПУР, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /CNBC/. Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун ирэх тавдугаар сарын 15-ны өдөр албан тушаалаасаа огцорч, Шадар сайд Лоуренс Вонд эрх мэдлээ шилжүүлнэ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас даваа гарагт мэдэгджээ. Лоуренс Воны тангараг өргөх ёслол тавдугаар сарын 15-ны 20:00 цагт болох бөгөөд Сингапур 1965 онд тусгаар тогтносноос хойших дөрөв дэх Ерөнхий сайд болох юм.


2025 оны 11 дүгээр сард болох ээлжит сонгуулийн өмнө эрх баригч Ардын үйл хэрэг намын /АҮХН/ даргын албан тушаалыг Лоуренс Вонд хүлээлгэн өгнө гэдгээ Ли Сяньлун өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгджээ. Ли Сяньлун Ерөнхий сайдын албыг 2004 оноос хойш хашиж байгаа юм.


Лоуренс Воныг парламентын АҮХН-ын гишүүд санал нэгтэй дэмжиж байна гэж Ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд дурджээ.


“Аливаа улсын хувьд удирдлагын шилжилт нь чухал цаг мөч байдаг. Лоуренс болон дөрөвдүгээр үеийн удирдлагын багийнхан олон нийтийн итгэлийг олж авахын тулд шаргуу ажилласан, ялангуяа цар тахлын үед” гэж Ли Сяньлун дээрх мэдэгдлийн дараа фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.


Өдгөө 51 настай Лоуренс Вон 2011 оны бүх нийтийн сонгуулиар парламентын гишүүнээр сонгогдсоноор улс төрд хөл тавьжээ. Хожим нь Боловсрол, Батлан хамгаалахын сайдаар томилогдож байв. Тэрбээр одоо Сангийн сайдаар ажиллаж байгаа бөгөөд 2021 оноос хойш уг албан тушаалыг хашиж байна. Мөн тэрбээр Сингапурын төв банк, санхүүгийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг Мөнгөний газрын дарга юм.


Ли Сяньлун өмнө нь Сингапурыг цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад оруулсан Лоуренс Воны хувь нэмрийг өндрөөр үнэлж байлаа. Тэрбээр цар тахлын оргил үед “Ковид-19”-ийн асуудал эрхэлсэн ажлын хэсгийн даргын хувиар олонд танигджээ.


Лоуренс Вон мөн Батлан хамгаалах яам, Харилцаа холбоо, мэдээллийн яам, Соёл, нийгэм, залуучуудын яам, Үндэсний хөгжлийн яам, Боловсролын яаманд албан тушаал хашиж байлаа. Улс төрд орохоосоо өмнө тэрбээр Эрчим хүчний зах зээлийн газрын гүйцэтгэх захирал, мөн Ли Сяньлуны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг