2025 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-аар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл саналаа өгөх боломжтой. Та “ОНХС” гар утасны аппликейшнийг гар утсандаа суулган саналаа өгөхөөс гадна Е-mongolia аппликейшн болон цахим хуудсаар саналаа мөн өгөх боломжтой.
“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахимаар авах зорилготой “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем (https://onhs.mof.gov.mn)” болон “ОНХС” гар утасны аппликейшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Тус аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна ОНХС-ийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, нийслэл, сум дүүрэгтээ хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, болон ОНХС-ийн талаар болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гээд олон талын дата, мэдээллүүдийг гар утас болон цахим хуудсаар нэвтрэн авах боломжтой болж байна.
2025 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэн та өөрийн амьдарч буй дүүрэг, хороогоо ая тухтай, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгахыг хүсдэг бол яг одоо саналаа өгөөрэй.
Ташрамд, 2023 онд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны нийт саналын эрхтэй 18-аас дээш насны иргэдийн 42.2 хувийн оролцоотой байсан бөгөөд 2023 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг иргэдийн санал дээр үндэслэн баталсан. Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 16.2 тэрбум төгрөг төлөвлөж, ажлууд эхэлсэн. Салбараар ангилан үзвэл авто зам, замын байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, камержуулалт, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, техник, тоног төхөөрөмж, тохижилтын ажил гэх мэт нийт 66 төсөл хөтөлбөр батлагдсан байна.
Сэтгэгдэл0