sonin.mn

Пример спортс телевиз МҮБХ-той хамтран зохион байгуулсан "PEPSI - АЛТАН ЦОМ" –ын “БҮХ ОДДЫН БАРИЛДААН” өрсөлдөөнтэй, гал гарсан барилдаан олонтой сайхан болж өндөрлөлөө. 


"АЛТАН ЦОМ"-ын барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх БҮХ ОДДЫН БАРИЛДААН -д багт хуваагдан өрсөлдсөн бөгөөд Даян аварга Н.Батсуурийн баг 15-10-аар ялалт байгууллаа.


Тус багт даян аварга Н.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Сумъяабат /2/, улсын гарди Ц.Бямба-Отгон /4/, улсын заан Б.Бат-Өлзий /4/ улсын харцага Б.Зоригтбаатар /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амарсайхан /0/, улсын начин Э.Батмагнай /3/ нар нийт 15 даваа авсан бол улсын аварга П.Бүрэнтөгс аваргын багт улсын аварга П.Бүрэнтөгс /0/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын аварга О.Хангай /4/, улсын заан М.Лхагвагэрэл /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын заан Б.Пүрэвсайхан /1/, улсын харцага С.Сүхбат /1/ нар нийт 10 даваа авсан юм.  


Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа, улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж нар дасгалжуулав. 

Энэхүү барилдаанд ялсан баг 30 сая, ялагдсан баг 10 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Харин энэ өдрийн шилдэг бөхөөр улсын гарди Ц.Бямба-Отгоныг тодруулж, 3.000.000 төгрөгийн шагнал гардуулав. 


Барилдааны эхэнд урлаг, спортоор олны танил болсон арван хүн хоёр багт хуваагдан үндэсний бөхөөр барилдсан бөгөөд улсын харцага Б.Зоригтбаатарын баг 13:12-оор ялалт байгуулав. Энэ багт 2021 оны Монголын мистер Т.Батнасан /5/, Монгол Улсын манлай уяач О.Батболд /2/, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /1/, жүжигчин О.Амгаланбаатар /4/, дуучин Д.Найдандорж/1/ нийт 13 даваа авлаа. Ялсан багийн тамирчид 5.000.000 төгрөгийн шагнал гардсан юм. 


Харин О.Хангай аваргын багт барилдсан дуучин Д.Намсрайноров /2/, дуучин Ц.Отгонбаяр /4/, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд /3/, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал /0/, фитнесс модель С.Эрдэнэцогт /3/ нийт 12 даваа авсан юм. 


Мөн барилдааны үеэр Хүч, хурдын тэмцээн болсон бөгөөд аймгийн арслан П.Эрхэмжаргал, цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн заан С.Доржпалам нар авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс аймгийн заан С.Доржпалам гурван үзүүлэлтийн нийлбэр амжилтаар түрүүлж, 2.000.000 төгрөгийн эзэн боллоо.