“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, яруу найрагч Ч.Алтанхуягийг урьж, ярилцлаа. Ч.Алтанхуяг ахын гэрт нь ороход бичгийн цаас, цаас зүсэгч, принтер өрсөн ажлын ширээ хамгийн түрүүнд нүдэнд тусав. Тэрээр номоо бичихээс эхлээд хэвлэж, хавтаслах хүртэлх ажлыг өөрөө хийж, ном бүтээх мөрөөдлөө ийнхүү гэртээ бодит ажил болгожээ.
- Ярилцлагын эхэнд оюуны бүтээлийн үнэ цэнийн талаар ямар бодолтой явдгаа хуваалцахгүй юу?
-Хүүхдүүддээ “Аавынхаа номыг авахгүй байж болно. Авъя гэвэл мөнгөө төлөөд аваарай” гэж хэлдэг юм. Найз нөхөд маань ч миний номоос хэдийг авсан байна. Би хэнд ч “Миний номыг аваач” гэж шахаж өгөхгүй. Яагаад гэвэл, мөнгөөр авсан зүйлээ хүн заавал сөхөж үзнэ. Харин гарын үсгээ зураад бэлэглэсэн номыг анзаарахгүй өнгөрөөх нь бий.
Өнгөрсөн жил гэрийнхээ номын санд тооллого хийж үзлээ. 2000 гаруй номоос 187-г нь би уншаагүй байсан. Ихэнх дээр нь найз нөхөд маань “Яруу найрагч Алтанхуягтаа дурсгав” гэсэн бичигтэй. Ичмээр нь би тэдгээр номыг сөхөж ч хараагүй байгаа байхгүй юу.
Гэртээ номын сангүй хүмүүс бол хаа нэг орхиод тэгээд мартчхаж мэднэ шүү дээ. Ном үнэ цэнгүй болоод байгаагийн нэг шалтгаан энэ. Хэрэв би номоо байнга зарж, нэг ч хүнд бэлэглэхгүй байвал миний ном үнэ цэнтэй байна. Худалдаж авсан хүнд ном заавал таалагдах албагүй. Гэхдээ энэ талаар бодох хэрэгтэй юм байна гэсэн нэг ойлголттой үлдэж болох юм. Би яруу найрагч, зохиолч найзууддаа “Та нар номоо хүнд битгий зүгээр өгөөд байгаач, надад ном дурсгахаар нь үнийг нь данстайгаа номынхоо ард нь тавь” гэж хэлдэг. Ингэснийхээ төлөө заримдаа ад болдог л юм. Гэхдээ оюуны бүтээлийг үнэ цэнтэй болгоё гэвэл ингэх хэрэгтэй.

-Номоо өөрөө хэвлэж, хавтаслах хүртэлх ажлыг хийдэг болоход амаргүй байсан байх. Эхэндээ ямар бэрхшээлтэй тулгарсан бэ?
-Эхний гурван сар бүгд бүтэлгүй болсон. Бүгдийг нь наагаад, хавтаслаад гаргахаар хавтас нь салаад уначихна, урагдана, хугарна. Эхний гурван сар бараг нойргүй л суудаг байсан. “За, тэр нь болохгүй байсан. Одоо өөр цавуугаар наагаад үзье. Эсвэл давхар оёод үзвэл яах бол” гэж бодсоор сэрдэг байлаа. Сүүлд ганцхан ширхэг ном хэвлэчхээд их баярласан даа. Одоо бол хоёр өдөрт гурван ширхэг номыг хэвлэдэг болсон.Номоо судар, хайрцагтай зэрэг гурван өөр хэлбэрээр хийж үзэж байна. Зохиогчийн эрхийг нь авна. Энэ л үлдэг, тэгээд болоо. Хамгийн гол нь оюуны бүтээлийг үнэ цэнтэй болгох хэрэгтэй.
-Таны хувьд монгол хэлний баялгийг зохиол бүтээлдээ хэрхэн хадгалж үлдээх хэрэгтэй гэж боддог вэ?
-Монгол хэлээ бүтнээр нь авч үлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл, монгол хэлээрээ ярьж, сэтгэх нь ховор болж байна. Ялангуяа монголчуудын дунд түгээмэл хэрэглэгддэг байсан далд утга санаа агуулсан ёгт хэллэгүүд байхгүй болж, хүмүүс түүнийг ойлгохоо больчихсон байна. Тиймээс тийм хэллэг байдаг шүү гэдгийг бүтээлдээ харуулж, шигтгэж бичих хэрэгтэй. Би нэг зүйлийг гайхдаг юм. Онолоор нь ингэж бичнэ, харьцуулалтын чимгийг нь ингэж оруулна гээд бодож бичдэг яруу найрагчийг би мэдэхгүй. “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж хэлэхийн тулд Дашдоржийн Нацагдорж баахан онол бодож суухгүй шүү дээ. Мэдрэмждээ хөглөгдөж бичнэ.
Миний нэг шүлэгт
“Талын дунд ганц чоно шогшиж явна, тэр яг амьдрал шиг
Тамын үүднээс галт сум нисэж явна, тэр яг үхэл шиг
Талын дунд ганц чоно буудуулж үхнэ, тэр яг над шиг” гэсэн мөр бий.
Энийг заавал онолоор нь тайлбарлах хэрэг юу байгаа юм. Уншигч өөрөө ойлгоно. Өөрийгөө чонотой зүйрлэжээ гэж ойлгож болно. Эсвэл эндээс өөртөө хэрэгтэй зүйл олж харж болно шүү дээ. Харин “Алтанхуяг ийм онолоор бичсэн байна” гэж тайлбарлах нь худлаа. Хамгийн гол нь монгол хэлээ л авч үлдэх хэрэгтэй.
-Таныг шүлэг яруу найрагт татаж, дуртай болгосон зүйл нь юу байв?
-Монгол хэл өөрөө их баялаг. Нөгөө талаар, социализм хүний нийгмийн хувьд олигтой нийгэм байгаагүй гэж ярьдаг ч монголчуудад нэг зүйл авчирсан нь бичиг үсэгтэй болгосон явдал. Зөв бичгийн дүрмийг ягштал мөрддөг байлаа. Манай ангийнхнаас монгол хэлэндээ муу хүүхэд цөөхөн байсан. Дунд сургуульд байхад их ном уншуулдаг байлаа.
Багш нар ч номын санд ирсэн бүх номыг уншдаг байсан. Математикийн багш маань тав, зургаадугаар ангид байхад хичээлийн завсарлагаанаар Монте Кристо Гүнг ярьж өгдөг байв. Нүдэнд харагдтал, бие арзайж чичирч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр ярьдаг байсан.
Түүнийг нь сонсох гэж тоогоо гялс бодчихно. Энэ бидэнд их зүйл өгсөн. Эцэг эх, ахмад настнууд хүүхдүүдтэйгээ их ярьдаг байсан. Одоо бол хүүхдүүдтэйгээ ярьдаг хүн цөөхөн болж. Гэрийнхээ хэдэн талд утсаа ухаад суучихна. Хүмүүсийн хоорондын амьд харилцаа байхгүй болж байна. XXI зууныг харилцааны том хувьсгал уу, эсвэл ухралт уу гэж би бодоод байгаа. Би хүүхдүүддээ “Ядаж хавсарсан нийлмэл хоёр өгүүлбэрээр хүнтэй харьцаач” гэж хэлдэг юм.
-Яруу сайхан Монгол хэлээ хадгалахын тулд энгийн зүйлээс эхлээд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Сая хоёр хүүхэд над дээр шавь оръё гээд ирсэн юм. Би багшлах хүн биш. Сайн, муу бүх дууны үгийг сонс. Зөв бичих дүрмийн алдаа байна уу, найруулгын алдаа байна уу гэдгийг олж хардаг бол гэж зөвлөсөн юм.
Жишээ нь, “Дэндүү чамайгаа хайрлана” гэсэн дууны үг байна. “Чамайгаа дэндүү ихээр хайрлана” гэхээс “Дэндүү чамайгаа хайрлана” гэж хэлж болох уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Ийм зүйлсийг сайн анзаарч сур гэдгийг хэлсэн. Дууны үгэнд суралцах зүйл их бий.
Ардын дууны үгийг сонсож байхад тэр өөрөө багш болдог. Миний үеийнхэн ардын дуу их сонсдог байсан нь утга зохиол сонирхох болсон нэг шалтгаан болсон байх. Одоо шүлэг унших нь ховорджээ. Тиймээс сонсголоор нь дамжуулан монгол хэлээ таниулах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Шүлэг, яруу найраг уншихын сайхан нь таны хувьд юунд оршдог бол. Уншиж буй шүлэг тань сэтгэл санаа, бодол мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?
-Уншиж, сонсож байгаа зүйлийн дотроос монгол сэтгэлгээ зурсхийх тэр мөч сайхан. Шүлэг болгоныг уншаад байх албагүй. Хүмүүсийн шүлгийг уншиж байхад “Монгол гэж харагдахаар, үзэгдэхээр, уншигдахаар байна” гэж мэдрэгдэх бүтээл өөрөө татдаг. Миний найзуудын дунд сайн яруу найрагч олон бий. Тэднийхээ уран бүтээлийг унших сайхан. Монголын утга уран зохиолын томчуудын бүтээл бол уншихад үнэр нь ч өөр, агаар нь ч өөр байдаг. Амьдралд янз бүрийн үе бий. Хүнд хэцүү үед тухайн нөхцөл байдлаас өөр шүлэг уншихад өөр орчинд очсон мэт болдог. Хагацал, гунигтай үед огт өөр, хайрын тухай шүлэг унших сайхан. Мартах юм уу, сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх юм уу, тухайн нөхцөл байдал өөрчлөгдөөд явчихдаг. Энэ нь өөрөө сайхан.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 10 сарын 15,
2026
Сэтгэгдэл0