sonin.mn

Монголын волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Сайханбаатар 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын волейболын спортын салбарт нөхөж баршгүй том гарз тохиолоо. 


Э.Сайханбаатар нь 2001 оноос волейболын спортоор өөрийн ээж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бядаажавын Уранчимэгийн удирдлаганд анх хичээллэж, 2008 оноос Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханьяаны Их сургуульд волейболын чиглэлээрээ суралцан БНСУ-ын Оюутны лигт, 2010 оноос хойш Монгол Улсын шигшээ багт тасралтгүй тоглож, Ази тивийн бүх тэмцээнүүдэд шигшээ багийнхаа лидер тоглогч нь байж, Монгол Улсынхаа нэрийг БНСУ болон Азид дуурсгасан Шилдэг тэгш тоглогч нь байсан юм. 


Тэрээр Монгол Улсын шилдэг клубууд болох Эрчим, Алтайн барс, Тэнүүн Огоо клубуудэд тоглож, Монголынхоо волейбол сонирхогч, дэмжигч, үзэгч бүхэнд гайхалтай ухаалаг, ур чадвартай тоглолтыг тоглолт бүртээ үзүүлдэг энэ цаг үеийнхээ “Од” тоглогч нь байлаа.

Э.Сайханбаатар нь аавын бахархалт хүү, ээжийн ачлалт хөвгүүн, ах эгчийн элбэрэлт дүү, үр хүүхдүүдийнхээ энэрэлт аав, анд нөхдийнхөө итгэлт нөхөр нь байв. 


Түүний гэнэн цайлган итгэмтгий зан, тусч энэрэнгүй, эелдэг нөхөрсөг, хичээнгүй тэмцэгч чанар нь нийт үе үеийн волейболчид, хөгжөөн дэмжигчид, Монголын Волейболын холбооны нийт хамт олны сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ. 

Талийгаачийн гэр бүл, анд нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье



Монголын волейболын холбоо