Өдгөөгөөс долоон жилийн өмнө төрийн нууцад орж, 2022 онд нүүрсний жагсаалын үеэр нийтэд ил болсон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээний дуулиан дуусахгүй үргэлжилсээр байна. 2022 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу нууцаас гаргасан эдгээр гэрээн дунд хамгийн их эзэн холбогдогчтой, олон жилийн арвин түүхтэй, их мөнгөн дүнтэй, хууль бусыг агуулсан хоёр том гэрээ нь “Бодь интернэшнл” группын нэр холбогдсон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээ”, “Богд хан төмөр замын гэрээ”-нүүд билээ. Энэ хоёр гэрээний хамгийн том нь буюу “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих гэрээ”-г улсын нууцад оруулж, “Бодь интернэшнл”-д давуу байдал бий болгосон, авлига авсан улстөрчдийн дуулиан дахин үргэлжилж, нэр холбогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээр болсон нь гэрээг олон нийтийн анхаарлын төвд дахин авчирлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Гашуунсухайтын төмөр замын асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй.
Х.Баттулга гэж хүн 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа энэхүү төмөр замыг нууцад авч, оффтейк гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр олгох шийдвэр гаргуулсан. Өмнө нь 280 сая ам.доллароор шороо овоолсон байлаа. Энэ асуудлыг шалгахад танай, манай нам хамаарахгүй. Үнэн хагас дутуу бус бүрэн байх ёстой. Оффтейк гэрээ болон баялгийн хулгайтай нэр холбогдсон ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үед төр засагт ажиллаж, шийдвэр гаргалцсан төрийн бүх өндөр албан тушаалтнууд шалгуулах ёстой” хэмээн мэдэгдэв. Хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудыг Ерөнхий сайд мөн дуудаж хэргийг яаралтай шалгаж, эцэслэх үүрэг өгнө гэлээ. Тэгэхээр гэрээний 18 жилийн түүхийн хүрээнд хуулийн хаалганы өмнө гутлаа тосолж, зангиагаа өмсөөд очих ёстой албан тушаалтнууд хэн, хэн байх ёстойг эргэн нэг санацгаая.
Гашуунсухайтыг “Энержи Ресурс”-ээс “булааж”, 18 жил гацаасан улстөрч нь Х.Баттулга
Өдгөөгөөс долоон жилийн өмнө “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын гэрээний хүрээнд бүтээн байгуулалтын болон нүүрс нийлүүлэх гэсэн хоёр гэрээг тус, тусад нь зурсан байдаг. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 29-нд бүтээн байгуулалтын, мөн оны арваннэгдүгээр сарын 13-нд нүүрс нийлүүлэх гэрээг байгуулжээ. Ингэхдээ “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп гэсэн гурвалсан гэрээг байгуулж, эхлээд төмөр замаа барина, дараа нь төлбөрөө нүүрсээр авах тохироо хийжээ.
Нийтдээ 263.3 км төмөр замыг 1 тэрбум ам.долларын өртгөөр барьж дуусах бөгөөд үүнээс 682 сая ам.долларыг нь нүүрсээр дараа төлөх, урьдчилгаа болгож 110 сая ам.долларыг “Эрдэнэс Таван толгой” ХК-аас гаргах бол Зам тээврийн сайдаар Х.Баттулга ажиллаж байх үед 276 сая ам.долларын ажил хийгдсэн гэж үзээд 280 сая ам.долларыг хасаж тооцжээ. Энэ нь та бидний сайн мэдэх 280 сая ам.долларын овоолсон шороо гэх маргаантай асуудал юм.
Цаг хугацааг ухраагаад харахаар энэхүү гэрээ нь 2008 оноос эхлэн яригдаж эхэлснийг та бүхэн эндээс ойлгоно. 2008 онд буюу С.Баярын Засгийн газрын үед энэхүү төмөр замын тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” компани анхлан авч байлаа. Дараа нь Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2012 онд Концессын гэрээг байгуулах эрхийг авснаар ажлаа эхлүүлсэн ч ердөө таван сарын дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа цуцалсан байгаа юм. Энэ хугацаанд Х.Баттулга тэргүүтэн өргөн, нарийн царигийн түүх зохиож, нарийн царигаар тавьчихвал Хятадаас танк орж ирнэ гэх мэтээр айлгах төлөвлөгөө ярьсаар байлаа. Товчхондоо, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга гэгч нь тухайн үедээ “Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого” гэгчийг батлуулж, өргөн царигийн тархи угаалтаа өргөн хүрээнд хийснээр “Энержи Ресурс” гэрээгээ булаалгасан түүхтэй юм. Ингээд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ” гэх тогтоолын хүрээнд улс орны хөгжилд нэн чухал төмөр замын суурь бүтцийг цогцоор барих ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсүгэй хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нарын гарын үсэгтэй тогтоол гарчээ.
280 сая ам.долларыг овоолсон шороонд зарцуулж, долоон жил дуншсан төсөл Х.Баттулга Зам тээврийн сайдын ажлаа дотны найз А.Гансүхдээ шилжүүлсэн 2012 оноос эхэлсэн ч долоон жил гацаанд орсны эцэст түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйд буюу 2019 оноос дахин хөдөлж, “Бодь интернэшнл” групп үргэлжлүүлэн барихаар нууцын гэрээ байгуулсан түүх цагаан цаасан дээр хараар бичигджээ.
Гурван хүн хил давж зугтаж, дөрвөн улстөрч гишүүний бүрэн эрхээр хамгаалагдав
Эндээс харвал, хамгийн эхэнд гутлаа тосолж очих хүмүүс нь гэрээ эхэлсэн үеийн Ерөнхий сайдууд болох С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа, ТУЗ-ийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх, Х.Баттулга нар юм. Араас нь 2019 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайн үеийн удирдлага болох Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл” группын Гүйцэтгэх захирал А.Амундра, ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар. Оффтейк гэрээ байгуулан, улсын нууцад авахаар тохирсон тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, ЕТГ-ын дарга нар болох З.Энхболд, Ө.Шижир нар ар, араасаа хуулийн өмнө зангиагаа зүүгээд гутлаа тослоод очих учиртай болов.
Гэсэн ч эдгээр хүмүүсээс гурав нь хил давж зугтсан. Төмөр замыг барьж байгуулах ажлыг хариуцаж байсан Б.Батзаяа, Н.Удаанжаргал, А.Амундра нар хил давж зугтсан бол Н.Алтанхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Х.Баттулга нар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын малгайн дор нуугджээ.
Харин Ерөнхий сайд асан, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэхээр хандсан бол УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа бүгдийг шалга хэмээгээд уг гэрээнүүдийг бүгдийг нь нууцаас гаргаж байлаа. Нийтдээ улс төрийн өндөр албан тушаалтай 17 хүн нэр холбогдсон гэх энэхүү гэрээнээс ердөө нэг хүн буюу Б.Ганхуяг л хуулийн хаалга татжээ.
Хамгийн ноцтой нь анх 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан төмөр замын санхүүжилтийг 1.2 тэрбум ам.доллар болгож өсгөсөн, 682 сая ам.долларын нүүрсээр бартердаж дараа төлөх мөнгийг 896 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн, нүүрсний суурь үнийг 60 ам.доллар буюу хамгийн хямдаар тооцож, 2024 он хүртэл авна гэсэн атлаа цааш нь өндөр үнээр дамлан зарж ашиг олсон, “Голомт капитал” ББСБ-аараа дамжуулан улстөрчдөд авлига өгсөн гэх асуудалд нэр холбогдсон “Бодь интернэшнл” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гэгч этгээд нэн тэргүүнд хуулийн өмнө гутлаа тослоод очих учиртай бус уу. Гэтэл 18 жилийн түүхтэй төмөр замын гэрээнд нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтай эдгээр 17 албан тушаалтнаас хэн нь ч хуулийн өмнө очсонгүй. Түүнчлэн, нүүрсний сонсголын үеэр “Голомт капитал” ББСБ-аар дамжуулан авлига авч, хэргийг дарагдуулсан гэх асуудалд холбогдсон Хуульзүй, дотоод хэргийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хуульзүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн хэргээ шалгуулахаар болоод байгаа нь гялтайх ганц сайн мэдээ юм.
Монгол мөнгөөр 4.3 их наядын өртөгтэй, 1 км төмөр зам нь 16 тэрбумаар /зах зээлийн үнээс хэт өндөр/ баригдсан Гашуунсухайтын төмөр замын цаг хугацааг тоймловол,
2008.06.18: Засгийн газрын 252 дугаар тогтоолоор “Энержи ресурс” компанид төмөр зам барих, ашиглах концессын гэрээний эрхийг өгөв.
2012.05.09: Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх нөхцөл бүхий концессын гэрээг “Энержи ресурс”-тай байгуулсан.
2012.11.03: Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлж, “Энержи ресурс”-тай байгуулсан гэрээг цуцлав.
2014.11 дүгээр сар: БНСУ-ын “Самсунг” компани 2 жилийн хугацаанд төслийг 200 сая ам.долларын санхүүжилтээр урагшлуулж байсан ч санхүүжилт зогссон.
2014.12.15: Төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулав.
2015.07.03: БНХАУ-ын “Чайна Шинхуа Энержи”, Монголын “Энержи ресурс” хамтран төслийг явуулахаар шийдсэн ч УИХ зөвшөөрөл өгөөгүй.
2018.08.08: Төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай тогтоол гарч, төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулав.
2019.10.29: “Бодь интернэшнл”, “Эрдэнэс Таван толгой”, “Тавантолгой төмөр зам” ХХК-иуд 2013 оноос хойш өөр компаний барьж байсан, 280 сая ам.долларын ажил хийгдсэн гэх төслийг хүлээн авч, 1 тэрбум ам.долларын санхүүжилтээр барьж байгуулах гэрээг байгуулж, уг гэрээг нууцад авсан.
2019.11.13: Төсөлд зарцуулах нийт санхүүжилтийн 682 сая ам.долларыг нүүрсээр 2020-2024 онд төлж барагдуулах гэрээ байгуулсан.
2019.10.11, 23: 110 сая ам.долларын урьдчилгаа санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн данснаас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн дансанд гэрээ байгуулахаас өмнө урьдчилж шилжүүлсэн.
2020.06.10: Нүүрсээр авах байсан 682 сая ам.долларын санхүүжилт ТЭЗҮ-д тодотгол хийгдсэн гэх шалтгаанаар 213 сая ам.доллароор нэмэгдсэн гэх нэмэлт гэрээ байгуулсан.
2020.09.02: Нүүрс нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулж, нөхөн авах нүүрсээ дан ганц Гашуунсухайт боомтоор бус Замын-Үүдээр авна гэх заалт нэмсэн.
2022.09.09: Төмөр замыг ашиглалтад хүлээж авах нээлтийн ёслол болсон.
2025.05.14: БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболт эхлэв.
У.Ургамал
Лхагва - 11 сарын 18,
2026
Сэтгэгдэл1
ЭЗЭНГҮЙ, ТОЛГОЙГҮЙ УЛС ОРОНД ИЙМ ЭХ ЗАХАА АЛДСАН САМУУРАЛ БОЛДОГ БАЙХ .............