Монголын улс төрчид эрх мэдэл, албан тушаалын төлөө үзэл бодлоо өөрчилдөг гэх шүүмжлэл тасардаггүй. Харин улс төрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран өөрийн байр суурийг хамгаалж, эрх баригчдаас хариуцлага нэхэж ирсэн цөөхөн улстөрчдийн нэг бол УИХ-ын гишүүн Д.Ганбат юм. Түүний улс төрийн замнал, парламент дахь туршлагаас нэгэн сонирхолтой асуулт урган гарч байна. Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгч болбол ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн хамгаалах бол?
2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ердөө 11 суудал авч, МАН парламентын үнэмлэхүй олонх болсон. АН-ын улс төрийн нөлөө эрс суларсан энэ үед Д.Ганбат УИХ дахь намынхаа бүлгийг удирдсан юм.
Тэрбээр Засгийн газрын бодлого, шийдвэр, иргэдийн амьжиргаа, төрийн хариуцлагын асуудлаар эрх баригчдыг шүүмжилж, сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байв. Тухайлбал, 2021 онд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж, гарын үсэг цуглуулах ажиллагаа эхэлснийг мэдэгдсэн нь эрх баригчдаас улс төрийн хариуцлага шаардсан тодорхой алхам байлаа.
Д.Ганбат 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын хяналтын асуудал хэлэлцэгдэх үеэр УИХ Засгийн газарт тавих хяналтаа хангалттай хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилсэн. Улмаар 2023 оны аравдугаар сард парламентын үйл ажиллагаа, эрх баригчдын амлалтын хэрэгжилтэд шүүмжлэлтэй хандаж, УИХ тарах, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Энэ бүхнийг нэгтгэн харвал түүний улс төрийн байр сууринд парламентын хяналт, төрийн хариуцлага, хууль дээдлэх зарчим гэсэн нийтлэг чиглэл ажиглагдана. Түүнчлэн АН хоёр хуваагдах үед ч хоёр талын зохион байгуулж буй намын даргын сунгаанд хоёуланд нь бүртгүүлж, эв нэгдлийн төлөө үйлдэл хийж байлаа. Мөн иргэдийн эрхийг зөрчсөн, үзэл бодлоо илэрхийлсэн жагсагчид хоригдсон, саатуулагдсан үед Д.Ганбат л очдог нь үнэн.
Чухам эндээс Ерөнхийлөгчийн албан тушаалд тавигдах өөр нэг шаардлага тодорно.
Парламентын сөрөг хүчний улстөрч эрх баригчдыг шүүмжилж, өөрийн байр суурийг хамгаалдаг бол төрийн тэргүүн улс төрийн санал зөрөлдөөний дунд үндэсний эв нэгдлийг илэрхийлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарчимч байхын зэрэгцээ зөвшилцөлд хүрэх, нийтлэг эрх ашгийг хамгаалах чадвар шаардагдана.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн тодорхойлсон. Тиймээс жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгч гэдэг нь зөвхөн Ардчилсан намаас сонгогдсон хүнийг хэлэхгүй. П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үйл ажиллагаанд одоо ч шүүмжлэлттэй ханддаг хүмүүс бий. Харин жинхэнэ Ардчилсан Ерөнхийлөгч гэж Үндсэн хуулиа дээдэлж, парламентын засаглал, шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг, өөртэй нь санал нийлэхгүй иргэдийн эрхийг ч адилхан хүндэтгэдэг төрийн тэргүүнийг хэлнэ.
Монголын улс төрд хүчтэй удирдагчийн тухай ярих нь элбэг. Гэвч ардчилсан тогтолцооны баталгаа нь нэг хүний хүч чадал бус, хуулиар хязгаарлагдсан эрх мэдэл, хараат бус институц, хариуцлагатай төр билээ. Ерөнхийлөгчийн албан тушаал ч энэ зарчмаас ангид байх ёсгүй.
Жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгчийн шалгуур нь хэнийг шүүмжилж, аль намд харьяалагдаж ирсэнд бус, Үндсэн хуулийг хэрхэн сахиж, иргэдийн эрх чөлөөг яаж хамгаалж, төрийн эрх мэдлийг ямар хариуцлагатай хэрэгжүүлэхэд оршино.
Д.Ганбатын улс төрийн туршлага энэ шалгуурт нийцэж буй юм биш үү? Д.Ганбат л явж явж жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгч болж чадах бус уу?
Э.Солонго
Мягмар - 11 сарын 17,
2026
Сэтгэгдэл0