Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр сэтгүүлчдийн асуултад хариулж, Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ өнөөдөр УИХ-д хүргүүлнэ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна.
УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч огцрох нөхцөл бүрдэнэ. Ерөнхийлөгчийн албан тушаал суларсан тохиолдолд дараагийн сонгууль болж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг түр хэрэгжүүлнэ.
УИХ-аар асуудлыг шийдвэрлэснээс хойш дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулна. Өнөөдөр УИХ-ын даргатай уулзаж, холбогдох асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээн мэдэгдлээ.
С.Сарнай
Мягмар - 11 сарын 17,
2026
Сэтгэгдэл0