Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргасантай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгснөө мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд манлайлал үзүүлж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, өөрт нь холбогдуулан гаргаж буй гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр шийдвэрлэлээ.
Би ч мөн адил ийм шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Намайг олон сая ам.долларын авлига авсан гэх зэргээр Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс удаа дараа ямар ч баримтгүйгээр гүтгэж ирсэн. Хууль хяналтын байгууллагаар шалгуулахад нотлох баримт тогтоогдоогүй асуудлаар өнөөдрийг хүртэл намайг гүтгэсээр байна.
Сая Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд гарч ирлээ.
Энэ гүтгэлэг анх намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас огцруулах зорилготой эхэлсэн. Тэд тухайн үед зорилгодоо хүрсэн. Харин одоо дахин ийм үйл явдал өрнөж байна.
Тиймээс би ч мөн адил үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, өөрт холбогдуулан гаргаж буй мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдэв.
С.Сарнай
Мягмар - 11 сарын 17,
2026
Сэтгэгдэл1
Манай ерөнхийлөгч ийм манлайлал гаргаж байгаа нь сайн хэрэг.Бусдыг гүтгэдэг,худал мэдээлэл тараадаг этгээдүүдэд дараа нь ямар хариуцлага ногдуулах вэ.Хэрэв эдгээр хүмүүс гэм буруугүй нь тогтоогдвол гүтгэсэн хүмүүс ямар ял авах вэ.