sonin.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг УИХ-ын зарим гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр: “Ажлаа хийхгүй бол тарсан дээр. Би бол хувьдаа тэгэж бодож байна. Үнэндээ залхаж байна. Иргэддээ хуулийн төслөө танилцуулга хийгээд, хэлэлцүүлэг хиймээр байна. Төсвөө баталмаар байна. Бүх юм нь гацсан, сандал суудлын асуудал ярихаар бүгдээрээ ороод ирж байгаа юм. Ажлаа хийх гэхээр хийдэггүй. Бид нартай, бид наргүй төсвөө батлуулаач гэх юм. Хуралдаандаа орж сууж байж баталдаг юм байгаа биз дээ. Үнэхээр ажлаа хийхгүй бол тарсан нь дээр. Тийм учраас УИХ заавал тодотголоо баталж байж цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Хугацаа нь шахуу. Өнөөдрийн дотор төсвөө яаралтай хэлэлцэж батлахгүй бол 10 сарын сүүл гэхэд мөнгөгүй болно гэсэн үг.


2027 оны төсвийг бид нар 11 сарын 5-наас өмнө батлах ёстой. 2027 оныхоо төсөвтэйгөө ноцолдож амжихгүй, хэлэлцүүлж амжихгүй байна. Тэгэхээр хоёр хууль зэрэг явж байдаг. Яаралтай тодотголоо батлаад 2027 оныхоо төсөв рүү орохгүй бол болохгүй болчихоод байна.


Иргэдийн цахим гарын үсэг авдаг D-Parliament дээр тавьчихая гэж бодоод байгаа юм. Иргэд маань саналаа өгөг. УИХ ирц нь хүрэхгүй, ажаа хийхгүй бол тарах уу, тарахгүй юу? Тараая гэж байвал иргэд маань саналаа өг гэж байгаа юм. 5 дахь өдөр D-Parliament дээр энэ саналыг тавья гэж бодоод байна.” Гэлээ.