Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.09.24/ Төрийн ордонд болж, Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл болон орон даяар өрнүүлж буй “Өөрчилье бүтээе” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан Намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв, Ардчилсан намын ХЭЕГ хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: “Эрх баригч намын зүгээс ирэх онд Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгаас 2 их наяд төгрөгийг 10 аймгийн дулааны цахилгаан станц болон ДЦС-6-д зарцуулах тухай асуудал яригдаж эхэллээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар энэхүү ногдол ашиг нь зөвхөн хуримтлалын данс буюу иргэдийн нэрийн дансанд бүртгэгдэх ёстой. Ингэснээр нэг иргэнд 835 мянган төгрөг ногдоно.
Гэтэл үүнийг хууль зөрчин, иргэдэд очих ёстой мөнгийг “хулгайн төсөл”-үүдийг санхүүжүүлэхэд зарцуулах гэж байна. Үүнийг Ардчилсан нам эрс буруушааж байна. 10 аймагт ДЦС барих нь зөв боловч ийм шийдвэр гаргахын өмнө иргэдээс санал авах ёстой байсан” гэв.
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв: “Ерөнхий сайд “Ард түмэнд мөнгө өгөх гэсэн ч Ардчилсан нам харамлалаа” гэж яриад байгаа. Харин ч Ардчилсан нам ард түмний мөнгийг Ардын намаас хамгаалж байна. Үүнд олон шалтгаан бий. 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөлтэй хамт нийтдээ 20 орчим хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл шинэ хууль батлах асуудлууд орж ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Оюу толгой болон бусад компаниас орж ирэх ногдол ашгийн мөнгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд байршуулж, 835 мянган төгрөг хуримтлагдах ёстой. Үүнийг гурван жилийн дараагаас боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд ашиглах боломжтой.
Гэтэл энэ мөнгийг нэг удаагийн хууль гаргаж, Засгийн газар өөрийн мэдэлд авч зарцуулах, авлига, ашиг сонирхлын асуудал дагуулсан, санхүүжилт нь тасалдаж гацсан төслүүдийг дахин санхүүжүүлэх гэж байгааг бид эсэргүүцэж байна.
Өнгөрсөн хавар УИХ-аас суурь тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн багш, эмч нарын цалин нэмэгдсэн. 2027 оны төсвийн тодотгол дээр шинэ нэмэгдлийн тухай асуудал биш, зөвхөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр байсан цалин, тэтгэврийн нэмэгдлийг хоёр сарын өмнө буюу арваннэгдүгээр сард хэрэгжүүлэх төслийг оруулж ирж байна.
Үүнийг олон булхайтай, хууль зөрчсөн асуудлыг нуух гэсэн увайгүй заль гэж харж байна. 2026 оны төсвийн тодотгол дээр цалин, тэтгэврийг нэмэхэд 200 хүрэхгүй тэрбум төгрөг зарцуулна. Гэтэл үүний цаана төсвийн зардлыг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. 2027 онд цалин, тэтгэврийн нэмэгдэлд 2 их наяд төгрөг зарцуулна. Харин үүний цаана төсвийн зардлыг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд оруулж ирсэн. Иргэдийн цалин, тэтгэврийг нэг төгрөгөөр нэмлээ гэж байгаа ч дарга нар өөрсдийнхөө төсвийг таван төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвөөр нийтдээ 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох гэж байна. Ингэснээр нэг иргэнд 6 сая төгрөгийн өр ногдохоор байна. Үүнийг Ардчилсан нам эсэргүүцэж байна.
Өр нэмэгдсэнээр Монгол Улсын төсөв, санхүү тогтворгүй болж, ирээдүйд хуримтлалгүй болох эрсдэлтэй.
Нэг нь ард түмэнд мөнгө өгөх гээд, нөгөө нь харамлаад байгаа асуудал биш. Харин ч ард түмний мөнгийг Ардчилсан нам авлигажсан Засгийн газраас хамгаалж байгаа юм” гэв.
Ардчилсан намын ХЭЕГ хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: “Ардчилсан нам бол иргэн, гишүүн төвтэй нам. “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын 330 сум, 204 хороо, 21 аймаг, 9 дүүргийн нийт иргэдээс нам харгалзахгүйгээр тулгамдаж буй асуудал, өөрчлөх санал, санаачилгыг авч байна. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй иргэн AN.MN сайтад саналаа өгөөд байна. Иргэдийн саналуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд үнийн өсөлт, ажилгүйдэл, авлигатай холбоотой асуудлуудыг түлхүү хөндөж, шүүмжилж байна. Тус хөдөлгөөнийг Монгол Улсын хэмжээнд гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Рашаант суманд 200 гаруй иргэн нэгдэж, өөрсдийн хүчээр зам тавьсан жишээ байна.
Энэ бол үнэхээр сайн жишиг. Нийгмийн хандлага, иргэдийн оролцоо эрүүл, эерэг байгааг үүнээс харж болно. AN.MN сайтад нэвтэрч, санал асуулгад нээлттэй оролцоорой. Иргэн бүр санал, санаачилгаа өгөх боломжтой” гэв.
Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: “Засгийн газар 20 сайдтай данхар бүтцээ цөөлөх хэрэгтэй. Уг сайд нар 2027 оны төсөвт 30 их наяд төгрөгийн зардал тавиулсан байна. Үүнийг цөөлж байж ард иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой.
Зарлагаа нэмэгдүүлээд, орлого нь тодорхой бус байхад ирээдүйгээ бус, өнөөдрийг харсан төсвийг оруулж ирлээ. Үүнийг Ардчилсан нам дэмжихгүй. Засгийн газар асуудалд ажил хэрэгч байдлаар хандах хэрэгтэй. Оюутолгойн 3 их наяд төгрөгийн орлого нь баталгаажаагүй байхад зарцуулалтаа тооцоод, “Иргэдийн өгсөн саналаар бид асуудлыг шийднэ” гэж худал хэлээд10 аймгийн ДЦС-ыг санхүүжүүлэх, цаашлаад баригдаж эхлээгүй байгаа ДЦС-6-д 30 хувийн санхүүжилт олгоход нийт 600-700 тэрбум төгрөг зарцуулахаар яригдаж байна.
Засгийн газрын бүтцийг цөөлж чадвал иргэд, ААН-үүд өрийн дарамтаас гарах боломжтой. Мөн цалин, тэтгэврийг илүү нэмэгдүүлэх боломж ч бүрдэнэ. Ард иргэд махаа граммлаж авч байхад яахаараа 20 сайдад 30 их наяд төгрөг зарцуулдаг юм бэ” гэв.
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл0