sonin.mn

Монгол Улс хувьчлалын бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш 35 жилийн хугацаанд 2025 оны байдлаар 2019 аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбумыг төвлөрүүлжээ. Эсрэгээрээ, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцааны салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. 58 мянган хүн энэ салбарт ажиллаж байгаа юм. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байгаа юм. 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэж байгаа бол өр төлбөр нь 22.9 их наяд буюу ДНБ-ий 28.6 хувьтай тэнцсэн тоон мэдээг олж уншсан нь лавтай. Ийм алдагдалтай атлаа төрийн өмчит компаниудын захирал, дарга нар хамгийн их нь 64.9 сая, хамгийн бага нь 19.2 сая төгрөгийн цалинтай нь нийтэд ил болсон билээ. Төрийн өмчийн 101 аж ахуйн нэгжийн 40-ынх Гүйцэтгэх захирал 10-аас дээш сая төгрөгийн цалинтайг сөрөг хүчний гишүүн Ө.Шижир хөндөж байлаа. 


Өөрөөр хэлбэл, 50-иас илүү нь ашиггүй, алдагдалтай атлаа дарга, даамлынх нь цалин дийлдэхгүй өндөр болчихсон төрийн өмчит компаниудад шинэчлэл яаж хийх вэ гэдэг нь улс төрийн намууд хийгээд улстөрчдийн толгойн өвчин болчихсон байв. Начир дээрээ тэд энэ тухай байнга хөнддөг ч МАН, АН, ХҮН-ын улстөрчдийн хэн ч галыг өөр дээрээ авч, манлайлж, шинэчлэл, өөрчлөлтөд уриалсан удаагүй. Хөшигний урд гарчихвал хэн нэг улстөрчөөр намнуулна, хэсэг бүлгийн дургүйцлийг төрүүлж хорхойтой араанд нь зуугдана. 


Улстөрчдийн сонгуулийн мөнгөө босгодог, сонгуульд ажилласан цүнх баригчдаа шахдаг, төлөөний хүмүүсээ томилдог төрийн өмч нэртэй “саалийн үнээ”-г хашаанаас нь хөөж, туусан хэнбугай ч хэвлэл мэдээлэл, сошиал медиад шүүлтүүргүйгээр “шонд өлгөгдөж”, хэн ч биш болдог жамтай. Тиймдээ ч төрийн өмчит компаниудын шинэчлэл, өөрчлөлт, хувьд шилжүүлэх, хувьчлах, татан буулгах тухай яриа парламентын ордноос нэг их халихгүй, тэгсхийгээд намждаг бичигдээгүй хууль 30 гаруй жил үргэлжилжээ. Үр дүнд нь ашиг биш алдагдал үйлдвэрлэдэг, 80, 90 ондоо гацчихсан хэдэн хуучин техниктэй, өндөр шилэн барилгад тэрбум, тэрбумын түрээс төлдөг, улстөрчдийн шахааны албаа хийдүүлдэг хэдэн цүнх баригч нартай төрийн өмчит компаниудаа татвар төлөгчдийн мөнгөөр ханатал угжсаар ирлээ. Үүнийг засаж, залруулах хэн ч байхгүй мэт дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсан нь үнэн. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал төрийн өмчит компаниудын засаглал, нээлттэй ил тод байдлын асуудалд хамгийн их анхаарсан улстөрчдийн нэг гэчихвэл хэтийдсэн өргөмжлөл болохгүй биз ээ. ЗГХЭГ-ын дарга байхаас л “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай” хуулийн төслийг батлуулахаар хөөцөлдөж, гараасаа тавихгүй, ширээний нүдэнд мартаж тоосонд дарагдуулахгүй барьж явсаар Ерөнхий сайдын албан үүргийг гүйцэтгэж эхэлсний дараа УИХ-аар батлуулж чадсан юм.


Үүрэгт ажлаа авснаас хойшхи 100 хоногт хийсэн “100 онцлох чөлөөлөлт”-ийн нэг болсон энэхүү хуулиар төр 5 үндэслэлээр ТӨК байгуулахаар болж, хангалтгүй ажилласан захиралд урамшуулал бус хариуцлага тооцож, цалинг 53 хувиар бууруулах, мэргэжлийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоог нэмж, улс төрийн нөлөөллөөс ангид мэргэшсэн, гүйцэтгэлд суурилсан удирдлагатай болгох эрхзүйн орчныг бүрдүүлж чаджээ.


Төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг багц болгон хөрөнгө удирдуулах урилгыг “Franklin Templeton” зэрэг олон улсын 12 компанид Ерөнхий сайд өнгөрсөн зуны хугацаанд хүргүүлжээ. Үүнээс гадна ашиггүй, алдагдалтай, үйл ажиллагаа нь давхардсан 14 төрийн өмчит компанийг татан буулгаж, 260 орон тоо, захиргаа, түрээсийн зардлыг 67.3 тэрбумаар танаж чадсан нь хэдхэн сар, өдрийн өмнөх үйл явдал юм. Товчхондоо, хэний ч зүрхлээгүй, хөшигний өмнө ил гарч ирж хийж чадаагүй байсан өөрчлөлтийг Н.Учрал барьж аваад хийчихлээ. “Ах нар над руу утсаар яриад дэмий дээ. Би архины ширээний ард асуудал ярихгүй. Надад таньдаг атаман байхгүй ч хийх гэсэн ажлаа, асуудлаа хэний ч захиалга, утасны дуудлагад автахгүйгээр хийнэ. Үүнийхээ төлөө хэнээс ч айхгүй” хэмээгээд төрийн өмчит компаниудын хаалга, цонхыг цэлийтэл нээж байгаад өөрчлөлтийн салхи оруулах нь тэр. Ингээд зогсохгүй 2027 онд энэхүү шинэчлэл, өөрчлөлтөө тууштай үргэлжлүүлж, 10 төрийн өмчит компаний хувьцааг Хөрөнгийн бирж дээр нээлттэй багцлан арилжаалах, олон улсын хөрөнгө оруулагч, санхүүгийн компаниудтай хамтран ажиллана гэдгээ даваа гарагт зарласан онцлох есөн шийдвэрийнхээ үеэр зарлачихлаа. Эндээс 500 сая ам.долларын гадаад хөрөнгө оруулалт, 3.5 их наядын цэвэр ашиг олж, төсвөөс гадуур эргэлдэж байсан, үр ашиггүй, хөдөлдөггүй төслүүдэд хөрөнгө оруулах нэрийдлээр урсгаж байсан мөнгийг ч төсөв рүү татан авчирч, үр ашигтай төсөл, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд зарцуулна гэв. Дахиад л нэг биш нэлээд хэдэн дайсныг өөртөө нэмсэн ч ард иргэдийнхээ талархлыг хүлээх шийдвэр болов, энэ нь. Одоо хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох шалгуур Ерөнхий сайд Н.Учралыг хүлээж байна.


Хувийн хэвшлийн орон зайг булааж, төрийн өмчийг үнэгүйдүүлж, хөрөнгө оруулагчдыг хулхидаж, төрийн өмчөөр түрийвчээ зузаалж байсан хүний, өөрийн намынх нь олон дайсан энэ өдрүүдэд түүн рүү үгэн сумаар зэвсэглэж дайрах нь дамжиггүй. Даварвал тэд огцруулъя гэж улайрах ч магадлалтай.


Тэр болгонд бүдэрчихгүй, хэдэн зуун утасны дуудлагаа хааж байгаад ч болтугай эхлүүлсэн шинэчлэлээ дуусгах, нэг хэсгийн бус нийтийн хяналтын өмнө төрийн өмчийг авчрах шинэчлэлээ дуусгана гэдэгт найдаж сууя. Төрийн өмчийг нээлттэй болгосноор ядахдаа өмчийнхөө үнэ цэнийг өсгөж, гадны хөрөнгө оруулагчид итгэлтэйгээр хөрөнгө оруулаад зогсохгүй, хариуцлага хүлээдэг төртэй болох юм. Гоё байшин болгоны өндөр давхарт байгуулагддаг төрийн өмчит компаний тоо цөөрч, юунд оролцох, оролцохгүйгээ тодорхойлж чадах нь ээ. Хамгийн чухал нь хувийн хэвшилд орон зайг нь цэлийтэл нээж, ил тод, хариуцлагатай болсноор улстөрчдийн бус улс орны “саалийн үнээ”-г саасан шиг сааж, Монголын баялгаа монголчууд хүртэх зам нээгдэх юм. 


Х.Цэцэн