sonin.mn

Японы хамгийн өндөр настан болох Сигэко Кагава 115 насандаа таалал төгссөн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ. Киодо агентлагийн мэдээлснээр, Нара мужид амьдарч байсан тэрбээр наймдугаар сарын 27-ны өдөр нас барсан байна.


Кагава 1911 оны тавдугаар сарын 28-нд төрсөн бөгөөд 2025 оны 7 дугаар сард Японы хамгийн өндөр настай хүн болжээ. Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан тэрбээр 80 гарснаасаа хойш ч ажлаа үргэлжлүүлсээр байв.


Кагава нас барснаар Японы хамгийн өндөр настан нь Киото мужид амьдарч буй 114 настай Фүе Кишимото болж байна. Гиннесийн номонд тэмдэглэснээр, түүхэнд хамгийн өндөр насалсан хүн бол Францын иргэн эмэгтэй Жанна Кальман бөгөөд тэрбээр 1997 онд 122 нас 164 хоногтойдоо таалал төгсчээ. Өнөөдөр амьд сэрүүн байгаа хамгийн өндөр настан бол 117 настай Этель Кэтерхэм юм. Тэрбээр Их Британийн Суррей гүнлэг дэх ахмадуудын асрамжийн газарт амьдардаг.  




Б.Адъяахүү