Викингүүдийн эрин үеийн мөнгөн зоос, гоёлын эдлэлийн цуглуулга Дани улсад олджээ. 700 орчим жижиг эдлэл, зооснуудаас бүрдэх 18.5 кг жинтэй уг олдвор нь X зууны үед мөнгө ямар үүрэг гүйцэтгэж байсныг тодорхойлоход тус дөхөм болно гэж археологчид үзэж байна.
Ребилл коммуны нэгэн оршин суугч байшиндаа шинэ террас барихаар бэлтгэж байхдаа уг мөнгөн зоос эдлэлийн цуглуулгыг олжээ. “Чулуу хайргыг цэвэрлэх, хогийн ургамлыг үндсээр нь сугалах, террасны хавтанг суулгах гээд хэдэн цагийн нүсэр ажил намайг хүлээж байлаа” гэж тэрбээр ярилаа.
Ингээд ажлаа эхэлснээс хойш хагас цагийн дараа хүрзнийх нь ирмэг нэгэн хатуу зүйлд тээглэжээ. Хуучин хашааны үлдэгдэл болох төмөр эсвэл банз байна гэж бодсон тэрбээр гараараа ухаж эхлэхэд гоёлын мөнгөн эдлэл, зоос, гулдмайнууд гарч ирсэн байна. Тэдгээрээс 320 орчим нь шавар саванд дотор байсан бол бусад нь гадуур нь асгарсан байжээ. Гэхдээ голдуу гулдмай, гоёлын эдлэлүүд, цөөхөн тооны зоос байжээ. Энэ нь викингүүд Данийн нутагт үнэт эдлэлээ хадгалж байсныг гэрчилнэ.

Олдворуудын дунд мөнгөн гоёлуудаас гадна араб, англи-саксоны зооснууд байсан нь викингүүдийн эрин үед Дани болон Европын бусад хэсэг, Дани болон Арабын ертөнцийн хооронд нягт харилцаа холбоо байсныг гэрчилнэ. Англи зооснууд нь 899-924 оны үед эрх барьж байсан ахмад Эдуард хааны үед цутгасан зооснууд ажээ. Араб зооснууд мөн адил 900-гаад оны үед гүйлгээнд гарсан байна. Үүнээс үндэслэн олдворыг X зууны үеийнх хэмээн тодорхойлжээ.
Энэ удаагийн олдвор нь өмнө нь Данид олдож байсан 6.6 кг жинтэй мөнгөн олдвороос 3 дахин хүнд байна.
Шинэ олдвор нь Ребилл болон ойролцоох газрууд нь зах хязгаар нутаг байгаагүй, эсрэгээрээ хойд зүгт Балтийн тэнгис, Арабын ертөнц, баруун зүгт Хойд тэнгис, Англи, Баруун Европыг хамарч байсан эдийн засаг, соёлын томоохон сүлжээнд багтаж байжээ гэдгийг илтгэн харуулж байна хэмээн Данийн Үндэсний музейн соёлын өвийн шинжээч Торрен Сарау ярьж байна.
Мөнгөн эдлэлийн цуглуулгыг орчин үеийн байшингуудын дундаас олсон тул бүрэн хэмжээний археологийн малтлага хийх боломжгүй юм.
Олдвор яагаад чухам хувийн байшингийн хашаан дотор байв, энэ хавьд викингүүдийн суурин байв уу, эсвэл чухал зам дайран өнгөрдөг байсан уу, викингүүд үнэт эдлэлээ нуудаг алс бөглүү газар байсан уу гэдгийг таамаглах л үлджээ. Олдвор одоо Данийн Үндэсний музейд хадгалагдаж байна. Цаашдаа улсын өмчид бүртгэгдэж, аль нэг музейд тавьж олон нийтэд толилуулах болов уу.
Б.Адъяахүү
Мягмар - 09 сарын 01,
2026
Сэтгэгдэл0