sonin.mn

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа модон бөмбөгийн спортын дэд мастер Б.Болдбаатарыг урилаа. 

 

-Тамирчдын хувьд анхны тэмцээн нь үнэ цэнтэй байдаг. Анх ямар тэмцээнд оролцож байв? 


-Анх оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тухайн үед хоёр алтан медаль хүртэж урам орж, илүү хичээх зорилгод хөтлөгдөж байлаа. Би найзтайгаа хамт хосын төрөлд оролцож түрүүлсэн. Мөн манай баг алтан медалийн эзэн болсон. Эргээд бодоход энэхүү тэмцээн сэтгэлд тодоор үлдэж дээ. Харин олон улсын анхны тэмцээн гэвэл 2019 онд оролцсон. Энэ үед “Хонконг опен” тэмцээн зохион байгуулагдлаа. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй эмэгтэй баг дөрвөн гишүүнтэй хүч үзсэн. Уг нь багийн тэмцээнд зургаан хүн оролцож тоглодог. Энэ үед хүрэл медальтай эх орондоо ирж байсан нь сайхан санагддаг шүү. 


-Эргээд бодоход хүрэл медалийн өнгийг өөрчлөх боломж байсан уу? 


-Боломжгүй зүйл байдаггүй. Монгол тамирчдыг бусад орны тамирчидтай харьцуулахад сэтгэл зүй өндөртэй. Тамирчид аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо түрүүлэх зорилготой байдаг. Бид бүхэн “Хонконг опен” тэмцээнд оролцохдоо орон орны шилдэг тамирчидтай өрсөлдсөн. Мэдээж бид алдаа гаргаад хожигдлоо. Монголд бэлтгэл хийхээр стандарт талбай байдаггүй. Дулааны улиралд хотоос гарч бэлтгэлээ хийх жишээтэй. Тиймээс монголд модон бөмбөгийн талбайтай болчихвол тамирчдын ур чадвар сайжрахаас гадна сонирхож тоглох хүн нэмэгдэнэ гэж хардаг.


-Хүмүүс спортыг сонирхож хичээллэх нь бий. Модон бөмбөгөөр хүмүүс хэр хичээллэж байна? 


-Модон бөмбөг эко спорт. Агаарт бэлтгэлээ базаадаг болохоор тэр л дээ. Мөн дулааны улиралд агаарт гарч, амралтад явахдаа тогловол их сонирхолтой. Анх бэлтгэл хийж эхлэхдээ манай сургуулийн тамирчид цохиур хэрэглэлээ аваад хоёр эгнээгээр алхаад Их тэнгэрийн аманд очиж бэлтгэлээ базаадаг байлаа. Агаарт алхах нь сайхан санагддаг байж билээ. Давуу тал нь дайчин чанар, тэвчээр суулгаж, нийтэч занд төлөвшүүлдэг. Сүүлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс харахад модон бөмбөг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсэн нь ажиглагдсан. Энэ спорт хөгжиж байгаагийн илэрхийлэл гэж бодогдсон. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг гаргаж байгаа нь сайшаалтай.


-Таны модон бөмбөгөөр хичээллэж эхэлсэн үе нь сонирхол татаж байна. Тус спортоор найман жил хичээллэж байгаа билүү? 


-Монголд модон бөмбөгийн спорт 2011 оноос хөгжиж эхэлсэн. Би 2016 оноос модон бөмбөгөөр хичээллэж байлаа. Тус спортыг оюутан болохдоо ХААИС-ийн Ж.Загас багшаараа заалгасан. Багшийн хувьд шинээр элсэж буй оюутнуудыг бэлтгэлдээ авдаг онцлогтой. Одоог хүртэл багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ базааж, тэмцээн уралдаанд оролцож явна. Багш намайг шавиараа авахдаа “Чи зөв төлөвшилтэй хүүхэд байна” гэж хэлсэн нь сайхан санагддаг. Анх талбайн бэлтгэл дээр нь очоод харахад амархан мэт санагдсан. Тоглоод үзэхэд амаргүй байлаа. Сонирхлоороо модон бөмбөгийн спортоор хичээллэсэн. 


-Ж.Загас багш модон бөм­бөгийн спор­тод олон тамирчдыг хөтөлж оруулсан гавьяатай. Багшийнхаа ямар зан чанараар бахархдаг вэ? 


-Багш минь шавь нарынхаа төлөө их сэтгэл гардаг. Зааж, зөвлөж байгаа нь яг л ээж шиг. Алдаа гаргахад гаднаа зэмлэдэг ч дотроо хайрлах нь сайхан. Би талархсан сэтгэлээ илэрхийлээд багшдаа шүлэг хүртэл бичиж байлаа. Багшаасаа үргэлж суралцдаг.


-Тамирчны замнал амаргүй. Урам хугарсан, шантармаар санагдсан үеэ хэрхэн давж гардаг вэ? 


-Бүх зүйлийн эхлэл хэцүү. Анх модон бөмбөгөөр хичээллэж байхдаа шантрах тохиолдол цөөнгүй байсан. Хүнд хэрэгсэл үүрээд талбай руу явах, ямар ч цаг агаарт тоглоно. Энэ бүгд хэцүү санагдаж байсан ч даваад гарсандаа талархдаг. Энэ нь ихийг сурах жим болсон. Ялж, ялагдах үе хүнд ихийг сургадаг. Анх тэмцээнд ороод ялагдахдаа дараагийн удаа алдаагаа давтахгүйг хичээдэг байлаа. Хүн ялагдлыг мэдэрснээр ялалтын үнэ цэнийг ойлгодог. Бусад тамирчидтай өрсөлдөх бус өөрийгөө ялан дийлэх л чухал. 


-Алдаанаасаа суралцах нь тамирчинд байх чухал чанар байх аа? 


-Би алдаанаасаа суралцаад явж байна. Ганцаарчилсан төрөлд 24 зам тоглох ёстой. Эхний 12 зам тоглоод хэсэг хугацаанд завсарлага аваад үргэлжлүүлдэг. Ингэж тоглож байхдаа би тэргүүлсэн. Би бодохдоо түрүүлэх юм байна гэж бардаад хоёр оноо алдаад дөрөвдүгээр байр эзэлж байлаа. Үүнээс их сургамж авсан шүү. 


-Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Модон бөмбөг тамирчнаас ямар ур чадвар шаарддаг вэ? 


-Модон бөмбөгийн спортоор бүх насныхан хичээллэх боломжтой. Багийн төрөл, дан хос, холимог хос, ганцаарчилсан төрөлтэй. Талбайд гараад анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Хариуцлагатай шаардсан спорт. Нэг оноо алдахад байр эзлэх боломжгүй. Талбайд гараад тоглоход хувь хүний зан ааш гарч ирэх нь бий. 


-Таны хувьд аль төрлийг нь дагнаж тэмцээн уралдаанд оролцож байна? 


-Төрөл бүр нь харилцан адилгүй. Хосын төрөл нь багийн хамтын ажиллагаа шаардана. Ганцаарчилсан төрөл бэлтгэл хэр хийснийг шалгадаг. Би анх хосын төрөлд Сумьяа найзтайгаа оролцсон. Бид оюутны УАШТ-д түрүүлж байлаа. Мөн олон улсын тэмцээнд ОУХМ Г.Санзайдорж ахтайгаа тэмцээнд оролцсон. Өнгөрсөн жилийн УАШТ-ий багийн төрөлд түрүүлж, ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн.


-Эргээд бодоход хамгийн их сургамж үлдээсэн тэмцээн гэвэл?

 

-Сэтгэлд үлдсэн нь 2018 оны Тайландад болсон ДАШТ. Энэ нь миний анхны олон улсын тэмцээн байсан. Хүн аливаад туршлагажаад, суралцаад явдаг. Тус тэмцээнд туршлага дутсан талтай. Багаараа дөрөвдүгээр байр эзэлж байлаа. Хэрэв би сайн тоглосон бол амжилтаа ахиулах боломжтой байсан болов уу. Ихийг ойлгуулж сургасан гэж ойлгож болно.


-Та нэгэн үе бөхөөр хичээллэж байсан. Спортын замналыг сонгохдоо ямар тамирчнаас суралцаж байв? 


- Би Ховд аймгийн Булган суманд төрж, өссөн. Дунд сургуульд байхдаа гар бөмбөг болон хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. Мөн жүдо чөлөөт бөхийг сонирхож барилдсан үе бий. Алдар спорт хорооны Хосбаяр багшийн удирдлага дор бэлтгэлээ базаадаг байсан. Бэртлээс шалтгаалаад бөхийн замналаа орхисон. Манай хоёр үеэл ах улсын харцага цолтой. Тиймээс харцага Н.Батзаяа, Г.Ганхуяг ахаасаа үлгэр дуурайлал авч спортод дурласан. 


-Амжилт гаргахад санхүү чухал нөлөөтэй. Залуу тамирчны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

 

-Тамирчинд тулгардаг асуудлын нэг нь санхүү. Манай спортын тамирчид өөрсдөө санхүүгээ зохицуулаад явдаг. Манай спортод дэмжлэг хэрэгтэй. Баг тамирчдыг дэмжээд өгвөл илүү амжилт гаргана гэж хардаг. Мөн оюутны тэмцээнээс модон бөмбөгийг хассан нь харамсалтай санагдаж байгаа. 


-Тамирчид ирээдүйн амжилтаа урьдаас төлөвлөдөг. Хамгийн том зорилго нь юу вэ? 



-Цаашид тууштай байж ДАШТ-д амжилт гаргахыг хичээнэ. Дэлхийд эх орныхоо нэрийг мандуулна гэж боддог. Өглөө бүр бэлтгэлдээ явахдаа зорилгоо боддог. Миний хамгийн зөв зам бол бэлтгэлдээ очих билээ. Бэлтгэлдээ явах нэг шалтгаан хамт олон минь. Хамт олон дээрээ очих сайхан. Бид нэгнээсээ суралцаж амжилт өөд тэмүүлдэг. Бид нэгэндээ их зааж зөвлөж ойлголцож чаддаг. Дуртай зүйлээ хийж байгаа хүн аз жаргалтайгаар хөдөлмөрлөдөг онцлогтой. Би бусад тамирчдыг биш өөрийгөө ялан дийлэхийг хичээдэг. Анх модон бөмбөгөөр хичээллэж эхлэхэд гэр бүл, ойр тойрны хүмүүс дурамчхан хүлээж авсан. Бэлтгэлээ тогтмол хийгээд тэмцээн уралдаанд оролцоод явахад дэмждэг боллоо. Спорт тамирчинд олон төлөвшил өгдөг. Би спортоор хичээллээд бусадтай зөв харьцах, анхаарал төвлөрөлт сайжирч, тууштай байх зан чанарт суралцсан. Миний ард тусалж дэмжиж алдаа оноо бүхэнтэй минь хамт байдаг хүмүүс бий. Тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээж байна.


Баатарын НЯМСҮРЭН 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин