Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Женев дэх бүлгийн даргаар 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 6 дугаар сарыг дуустал идэвхтэй ажиллаж, бүлгийн гишүүн 32 улсын Женев дэх БТГ, Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Европын Эдийн засгийн комисс, Олон улсын худалдааны төв, Нью-Йоркт төвтэй НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газар зэрэг байгууллагатай тогтмол харилцан, бүлгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа энэ сарын 22-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн Байнгын төлөөлөгч нарын ээлжит уулзалтыг даргалан зохион байгуулж, тус бүлгийн 2025-2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, бүлгийн зүгээс цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар гишүүд дэлгэрэнгүй ярилцав. Тус Байнгын төлөөлөгчийн газар нь ДГХБО-уудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар 9 сарын хугацаанд ажиллахдаа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, нийтлэг эрх ашгийг хамгаалах, олон улсын худалдаа, хөгжил, хөрөнгө оруулалт, цахим шилжилт, интеграцид нэгдэх боломжийг бүрдүүлэх, “ДГХБО-уудын 2024-2034 оны үйл ажиллагааны Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилт тавин ажилласан.

Женев хотноо 2025 оны 10 дугаар сард хуралдсан НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын 16 дугаар бага хурлын хүрээнд ДГХБО-уудын Сайд нарын хурлыг, энэ оны 3 дугаар сард Камерун Улсын Яаунде хотноо хуралдсан ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр бага хурлын үеэр ДГХБО-уудын Сайд нарын уулзалтыг тус тус Монгол Улс даргалан зохион байгуулж, эдгээр хурлаас Сайд нарын хамтарсан тунхаглал UNCTAD TD/545, WТ/MIN/26/26 баримт бичгийг хэлэлцүүлэн батлуулж, ДГХБО-уудын бүлгийн зохицуулагчийн үүргийг хариуцлагатай, идэвх чармайлттай гүйцэтгэснийг бүлгийн гишүүн орнууд онцлон тэмдэглэв. Хуралдааны төгсгөлд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тус бүлгийн зохицуулагчийн хүндтэй үүргийг Бүгд Найрамдах Тажикистан Улсын Байнгын төлөөлөгч Ш.Шерализода-д хүлээлгэн өгч, өндөр амжилт хүслээ.
Мягмар - 06 сарын 23,
2026

Сэтгэгдэл0