sonin.mn

“-Г.Амарбаяр дарга аа, Та айлуудаар ороод явна гэсэн. Манайхаар яагаад орохгүй байна. Би хүлээгээд байлаа.

-Би айл өрхөөр орж байгаа. Танайхаар хоёр ч удаа очсон, Эрдэнэбат аа. Танайх хүнгүй байсан.

-Намайг мориндоо явсан хойгуур таарчээ. Би таныг ирсэн гэж сонссон.”



Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Монгол Ардын намын хорооны дарга, сумын Засаг дарга Г.Амарбаяр, иргэн С.Эрдэнэбат хоёр ийн хөөрөлдөж харагдана. Энэ хоёр эрхэм хоёулаа Хүрмэн сумын уугуул.

Иргэн С.Эрдэнэбат Монгол Ардын намын дэмжигч гишүүн бөгөөд “Намдаа албан ёсоор гишүүнээр элсээгүй байгаа ч Монгол Ардын намыг л дэмждэг” гэлээ.



 Харин Хүрмэн сумын Засаг дарга Г.Амарбаяр 2022 оноос Хүрмэн сумын Монгол Ардын намын хорооны даргаар томилогдон ажиллаж, 2024 оны орон нутгийн сонгуулиар намаа ялалтад хүргэсэн. Энэ нь Хүрмэн сумын Монгол Ардын намын хорооны аймагтаа 24 жилийн, сумандаа 12 жилийнх дараахь ялалт гэнэ.

Тус сум 1400 хүн амтай, Монгол Ардын намын 140 гаруй гишүүнтэй аж.


“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаярын ахалсан баг Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Хүрмэн сумын Монгол Ардын намын дарга Г.Амарбаяр, дэд дарга С.Буянтогтох, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 19-нд Хүрмэн суманд ажиллалаа.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Хүрмэн сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч, төлөөлөгчидтэй уулзлаа. Хүрмэн сумын Монгол Ардын намын хорооны дэд дарга Буяа эдүгээ 62 настай. 2008 оноос хойш Хүрмэн Монгол Ардын намын хорооны дэд даргын албын тасралтгүй хашиж иржээ.


Дараагаар нь Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр ахлагчтай баг Хүрмэн сумын Монгол Ардын намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.



Сүүлийн 10 жилд Монгол Улсын эдийн засаг 90 их наяд болж, гурав дахин тэлсэн бол экспорт дөрөв дахин нэмэгджээ. 

2015 онд хатуу хучилттай авто зам 6500 км байсан бол өнөөдөр 11 000 км болсон байна. Эрчим хүчний эх үүсвэр 2015 онд 

1200 МВТ байсан бол өнөөдөр 1900МВТ болж, 700 МВТ-аар нэмэгдээд байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэцэрэг 250-аар нэмэгдэж, 2015 онд цэцэрлэгийн хамрагдалт 60 хувь байсан бол өнөөдөр 85 хувь болж нэмэгдсэн байна.

Дээрх статистик тоо бол Монгол Ардын нам өнгөрсөн 10 жилд Засгийн эрхийг барихдаа хэрэгжүүлсэн ажлын нэг хэсэг. 

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар  хатуу хучилттай 2000 км авто зам шинээр барьж, 223 км авто зам болон 1,317 м гүүр засахаар төлөвлөжээ.

Мөн 15,000 шууд, 63,000 шууд бус ажлын байр бий болгох Ган, зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, «Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк» эхлүүлээд байгаа юм.

“Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг тэлж, олон улсад зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Монгол Ардын намыг УИХ-ын сонгуулиар олонх болоход зүтгэсэн анхан шатны байгууллагуудын хүчин чармайлтын үр дүн” гэдгийг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр хэлсэн үгэндээ онцлон дурдлаа.



Дараагаар нь Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд “Тэрбумтан Өмнөговьчууд” төслөө танилцууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр малчид, оюутнуудыг дэмжиж, Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Нутгийн дэм” хөтөлбөрт хамруулж, байгалийн баялгаас хүртээхээр тусгажээ. Тиймээс “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг Өмнөговь аймгийн ИТХ-д оруулж, хэлэлцэн батлуулахаар иргэдийн саналыг авч байгаа аж.


 Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр намын ахмад гишүүн Ч.Насанжаргал, С.Цогбадрах, Д.Дагвадорж нарынд зочилж, хүндэтгэл үзүүллээ.



Монгол Ардын намын ахмад гишүүн Ч.Насанжаргал гуай малчин өрх Ч.Мөнхбатынд 150 хонь өгч, сумын “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарсан байна. Ч.Насанжаргал гуай залуу насандаа туувирчнаас  сумын Монгол Ардын намын хорооны орлогч дарга хүртэл албыг хашиж иржээ. Намын ахмад гишүүн Ч.Насанжаргал “Говьд ус хэрэгтэй, усжуулалт тавимаар байна. Тэтгэврийн шинэчлэл болохгүй гээд байсан. Шинэчлэл хийж болдгийг Ерөнхий сайд Н.Учрал харуулж байна” гэлээ. 

Харин намын ахмад гишүүн С.Цогбадрах гуай 10 гаруй жил нэг га газарт улиас, голт бор, хайлаас, чацаргана зэрэг мод тарьжээ. Гар усалгаатай худагтай гэнэ. Ойр хавьд гол, ус байхгүй учир зээр, гөрөөс ч ирж ундаалдаг болжээ. 



Хүрмэн сумын хамгийн өндөр настан Д.Дагвадорж гуай 97 настай. Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаярыг гэрт нь очиход “төв намын удирдлагууд хүндэтгэн ирлээ” хэмээн гэргийн хамт хөөрөн угтав. 

Түүний гэргий С.Охиноо насаараа сумынхаа Холбооны газарт эрхлэгч хүртэл нь ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. “Манай Засаг дарга бид хоёрыг орон сууцанд оруулж өгсөн. Гал түлж, ус авахгүй, дулаан байрандаа сайхан байна” хэмээн гэрийн эзэгтэй ярьж байна.


Хүрмэн сумын Засаг дарга Г.Амарбаяр сумынхаа хамгийн өндөр настай хоёр буурлыг орон сууцтай болгох асуудлыг шийдвэрлэжээ. 


Намын ахмад гишүүн Д.Дагвадорж

гуай “Би Монгол Ардын намд элсээд 62 жил байна. Монгол Ардын намын дарга Н.Учрал сайн ажиллана гэж найдаж байна. Залуус үзэл бодолдоо үнэнч тууштай, итгэлтэй зүтгэх хэрэгтэй” хэмээн сургаалиа хэллээ.