Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтэд оролцлоо. Ерөнхийлөгч, бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлсэн Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон болон оролцсон байгууллага, инженер, техникийн ажилтан, бүтээн байгуулагч нарт төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Өргөн цар хүрээтэй инженерийн байгууламж, төмөр замын дээд, доод бүтцийг монголчууд өөрсдийн хүчээр, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран жил гаруйн хугацаанд барьж, бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоосныг онцоллоо.
Төмөр зам нь Улаанбаатар хот өргөжин тэлэх, дагуул хот болон шинэ суурьшлын бүс бий болох, хурдтай өсөн нэмэгдэж буй экспорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, тээврийн хэрэгцээг тогтвортой хангах, хөрөнгө оруулалт болон ажлын байр нэмэгдэх зэрэг ач холбогдолтойг тэмдэглэв. Цаашид хэвийн, найдвартай ажиллагааг нь хангах, үр өгөөжийг дээшлүүлэх, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифын уян хатан бодлого тогтоох, логистикийн зардлыг бууруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа гаргасан санаачилга, бодлогын дэмжлэг өнөөдөр ийнхүү бодит ажил болж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцлов.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн ИйИ зэрэглэлийн төмөр зам 127 км урт, дэлгэмэл урт нь 177 км. 3 зөрлөг, 4 өртөөтэй. Найман байршилд нийт 1,279 урт метр гүүрэн байгууламж барьсан байна. Үүнээс Туул гол дээгүүр 20 тулгуур, 38 дам нуруутай, 476 метр гүүр барьсан нь манай улсын хамгийн урт гүүр болжээ. Мөн төслийн хүрээнд 22 метр өндөр, 176 метр урт гүүр барьсан нь хамгийн өндөрт тооцогдож байна.
Гүүрнээс гадна ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьжээ.
Төмөр зам эхний жилд 20 сая, цаашид 25 сая тн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх бөгөөд энэ нь хоногт дунджаар 1,800 орчим том оврын автомашин хотын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг юм. Энэ хэрээр хотын дундуур дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, төмөр зам, автозам огтлолцдог гол цэгүүдийн ачаалал буурч, түгжрэл багасна.
Тухайлбал, төмөр замын гармуудыг хаахад замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут саатдаг байсан бол 21-120 минутаар буурна гэсэн тооцоолол гарчээ.
Мөн өнөөдрөөс 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулан тээвэрлэхгүй боллоо. Төмөр замын 87.8 дугаар км-т олон төрлийн ачаа тээврийн, 102 дугаар км-т аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөсөн байна.
Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ачаа тээврийн 13 терминалыг үе шаттай нүүлгэн шилжүүлж, газрыг нь нийтийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.
Энэ төмөр зам Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн тээвэр логистик, худалдаа, үйлдвэрлэл, чөлөөт бүс, дагуул хот хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ.
Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, 4,000 гаруй инженер, техникийн ажилтан, түүний дотор орон нутгийн 1,000 гаруй хүн оролцож, 1,500 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж ашиглажээ.
Ням - 10 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
Гоё!!!
Энэ цэргийн дарга ,алай салбадай юу хийж явна вэ