Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 31 дүгээр форумд оролцож, тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгитэй албан уулзалт хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг онцлов. Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрч буйг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Эдгээр зорилгын хүрээнд бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлон илэрхийлэв. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд болон газар нэгж хоорондын хамтын ажиллагаа, ахлах, дунд шатны болон залуу албан хаагч хоорондын солилцооны хөтөлбөр, арга хэмжээ амжилттай хэрэгжиж буйг цаашид тогтмолжуулан хөгжүүлэхийн төлөө
буйгаа илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болж буйд Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, төслийн хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагаа нотлон илэрхийлэв. Талууд Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр ярилцлаа. Сайд Б.Батцэцэг энэ сарын 10-нд эхлэх Азийн ирээдүй форумд илтгэл тавина.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл3
Энэ авгайг хөөгөөчнн
Монголын ТӨР - ЗАСАГ - НАМ алинч ялгаагүй өндөр дээд албан тушаалдаа , гадаад - дотоод ялгаагүй эсвэл ЯЛ байсан , эсвэл ГЭМ ХЭРЭГТ холбогдсон , эсвэл ХУЛГАЙ - ТЕНДЕР - АВЛИГАД холбогдсон этгээдүүдийг ТОМИЛОДОГ боллоо . Ямар учиртай юм бол ??? Өнөөдөр гэхэд \ нэгхэн өдөр \ л ҮХ - ийн цэц - д хоёр ялтаны нэр дэвшсэн гэх , гадаадад одоо энэ . Ерөнхийлөгч маань зовлон үзсэн хүн учраас зөөлөн сэтгэлтэй байж магадгүй гэхэд УИХ - н дарга бас л ЖДҮ , тендерт нэр холбогдож хал үзэж хашир суусан л баймаарсан . Монголд эрдэм боловсролтой , чин шударга , өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд , залуу хойч үе - залгамж халаа тасрах ёсгүй л юмсан ...
Хүүкийн хажууд бондогоноод явж байхад болно !