Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн 34 дүгээр тойргийн тоглолтод "Аль-Наср" баг “Дамак” багийг өөрийн талбайд 4:1 харьцаагаар хожсоноор тус улсын аваргаар шалгарлаа.
Хожсон багаас Садио Мане (34 дэх минут), Кингсли Коман (52) Криштиану Роналду (63, 81) нар гоолдсон бол “Дамак”-ийн Морлай Силла тоглолтын 58 дахь минутанд 11 м-ийн торгуулийн цохилтоор гоол оруулсан байна.
Ингэснээр “Аль-Наср” баг 86 оноотой болж, 2019 оноос хойш анх удаагаа улсын аваргаар шалгарсан бол 84 оноотой “Аль-Хилал” баг хоёрдугаарт бичигдлээ. Ийнхүү “Алтан бөмбөг” шагналыг 5 удаа хүртсэн, хөл бөмбөгийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг довтлогч Роналду дөрвөн улирал дараалан “Аль-Наср”-т тоглохдоо анх удаагаа Саудын Арабын аваргаар шалгарч байна. Өмнө нь тэрбээр “Реал Мадрид” багийн бүрэлдэхүүнд Испанийн аваргаар, “МЮ”-гийн бүрэлдэхүүнд Английн аваргаар, “Ювентус” тоглож байхдаа Италийн аваргаар тус тус шалгарч байсан юм.
Саудын Арабын аваргаар шалгарсан нь Роналдугийн тамирчны замнал дахь 35 дахь түрүү бөгөөд тус улсад тоглож байхдаа тэрбээр 2023 онд Арабын аваргуудын цомыг хүртжээ.
Энэ удаад түүний “Аль-Наср” баг 11 дэх удаагаа Саудын Арабын аваргаар шалгарч байгаа бөгөөд эл үзүүлэлтээр гуравдугаарт бичигдэж байна. Харин нэгдүгээрт 21 удаа түрүүлсэн “Аль-Хилал” баг, хоёрдугаарт 14 удаа түрүүлсэн “Аль-Иттихад” баг бичигддэг ажээ.
Б.Адъяахүү
Ням - 06 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Аль Наср багийн эзэн баян арабуудаас 600 сая доллар авах гэрээ хийчихсэн юм чинь аварга маварга нь бололгүй яадаг юм !
Ronalda bol byh chag yeiin toglogchidiin agyy tamirchin,terbeer altan bembegiig taban ydaa hyrtsen men ene sine bagt ochood men ch hychtei togloltoo hiij bna.....ynendee tiim gehiin argagyi syteen dee!!!!