sonin.mn

Удахгүй болох Францын аварга шалгаруулах тэмцээн буюу Ролан Гарросын тэмцээний шагналын сангийн хэмжээг багаар тогтоосонд сэтгэл дундуур байгаагаа Италийн теннисчин Я.Синнер, Беларусийн А.Соболенко, АНУ-ын Коко Гауфф зэрэг өндөр чансаатай тамирчид илэрхийлжээ. Энэ тухай тамирчдын мэдэгдлээс эш татан Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ.


Дөрөвдүгээр сард тэмцээнийг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, шагналын сан 72 сая орчим ам.доллар байх ажээ. Өнгөрсөн улирлын тэмцээнийхтэй харьцуулахад шагналын хэмжээ 10 хувиар өссөн боловч тэмцээний нийт орлогоос тамирчдад хүртээх хэмжээ 15 хувиас бага байна.


Мэргэжлийн теннисчдийн холбоо /ATP/, Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ ивээл дор болдог тэмцээнүүдийн жишгээр уг хэмжээг 22 хувьд хүргэх хүсэлтийг теннисчид тавьсан байна. Үүний сацуу өнгөрсөн оны Францын нээлттэй тэмцээний орлогоос тамирчдад өгсөн хувь хэмжээ багассан болохыг тамирчид шүүмжилжээ.


Тодруулбал, 2025 оны Ролан Гаррос тэмцээнээс 395 сая еврогийн орлого олсон нь 2024 оныхтой харьцуулахад 14 хувиар илүү байсан бол шагналын сан нь ердөө 5.4 хувиар нэмэгдэж, теннисчдэд олгосон шагналын хэмжээ нийт орлогын 14.3 хувийг эзэлсэн байна.


Ролан Гарросын тэмцээн тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 7-нд явагдана. Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалсан тамирчид тус бүр 2.8 сая евро, эрэгтэй ба эмэгтэй хосын төрөлд түрүүлсэн теннисчид 600 мянган евро, холимог хосын төрөлд түрүүлсэн тамирчид 122 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэнэ. 



Б.Адъяахүү