ЕРЕВАН, 2026 оны тавдугаар сарын 4 /BTA/. Болгарын Ерөнхийлөгч Илиана Йотова, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар ням гарагт Ереван хотноо хоёр улсын хооронд Стратегийн түншлэл тогтоох тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан тухай Болгарын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Талууд Болгарын шинэ засгийн газар хоёр орны хамтын ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. И.Йотова, Н.Пашинян нар Болгар, Арменийн улс төрийн яриа хэлцээ өндөр түвшинд байгааг онцолжээ.
Түүнчлэн хоёр талын харилцааг олон салбарт хөгжүүлэх асар их нөөц боломж ашиглагдаагүй хэвээр байгааг дурдаад, эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. Уулзалтын үеэр Болгар, Арменийн ард түмний уламжлалт найрсаг харилцааг онцоллоо. Н.Пашинян Болгар дахь Арменийн иргэд өөрсдийн соёл, өв уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд Болгарын төрөөс таатай нөхцөл бүрдүүлж байгаад талархал илэрхийлжээ.
И.Йотова Болгар улс Европын Холбооны (ЕХ) гишүүнээр элсээд 19 жил болж байгаа туршлагадаа тулгуурлан Арменийг тус холбоонд илүү ойртох үйл явцад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Талууд мөн Украин, Иран дахь зэвсэгт мөргөлдөөн, тэдгээрийн бүс нутагт учруулж буй үр дагаврын талаар санал солилцсон байна. Болгарын төрийн тэргүүн өнөөдөр болж буй Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн найм удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Армений нийслэлд хүрэлцэн ирээд байгаа юм. “Ирээдүйг цогцлоох нь: Европ дахь эв нэгдэл ба тогтвортой байдал” уриан дор болох уг форумд 50 орчим орны төр, засгийн тэргүүн нар оролцоно.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл0