sonin.mn

СӨҮЛ, 2026 оны тавдугаар сарын 1 /Yonhap/. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын экспортын хэмжээ хоёр сар дараалан 80 тэрбум ам.долларыг давжээ. Хагас дамжуулагчийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор экспортын үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 50 орчим хувиар өссөнийг тус улсын Засгийн газраас баасан гарагт танилцуулсан статистик мэдээлэл харууллаа. 


Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрдэс баялгын яамнаас мэдээлснээр, дөрөвдүгээр сард экспортын нийт хэмжээ 85.89 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар өсжээ.


Харин импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.7 хувиар өсөж 62.11 тэрбум ам.доллар болсноор гадаад худалдааны тэнцэл 23.77 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт ийнхүү огцом өссөнийг хагас дамжуулагчийн салбарын "супер мөчлөг"-тэй холбон тайлбарлаж байна.


Тухайлбал, хиймэл оюуны эрэлт өндөр хэвээр байгаа болон санах ойн чипний үнэ тогтмол өсөж байгаатай холбоотойгоор хагас дамжуулагчийн экспорт 31.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 173.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дөрөвдүгээр сарын хамгийн дээд үзүүлэлт болжээ.


Мөн Ойрх Дорнодын хямралаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлтийн нөлөөгөөр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ буурсан хэдий ч 39.9 хувиар өсөж, 5.11 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин автомашины экспорт 5.5 хувиар буурч 6.17 тэрбум ам.доллар болжээ. Үүнд Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэрлэлтийн саатал болон Вашингтоны тарифын бодлоготой холбогдуулан Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчид АНУ дахь үйлдвэрлэлээ өргөжүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.


Экспортын чиглэлээр авч үзвэл, хагас дамжуулагч болон мэдээллийн технологийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаагийн нөлөөгөөр Хятад улс руу чиглэсэн нийлүүлэлт 62.5 хувиар өсөж, 17.7 тэрбум ам.долларт хүрснээр зургаа дахь сардаа дараалан өссөн үзүүлэлттэй гарчээ.


Түүнчлэн АНУ руу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 54 хувиар өсөж 16.33 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд хагас дамжуулагч болон компьютерын нийлүүлэлт нэмэгдсэн нь автомашин, машины эд ангиудын экспорт буурсныг нөхсөн байна. АНУ руу хийсэн экспорт өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөж, 16.33 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хагас дамжуулагч болон компьютерийн нийлүүлэлт нэмэгдсэн нь автомашин, машин тоног төхөөрөмжийн экспорт буурсныг нөхсөн байна. 


АНУ, Ираны хоорондох мөргөлдөөн сунжирч буйтай холбоотойгоор Ойрх Дорнод руу чиглэсэн экспорт өмнөх оны мөн үеийнхээс 25.1 хувиар буурч 1.27 тэрбум ам.долларт хүрчээ.


“Ойрх Дорнодод мөргөлдөөн үргэлжилж байгаа хэдий ч Өмнөд Солонгосын сарын экспортын хэмжээ түүхэндээ анх удаа хоёр сар дараалан 80 тэрбум ам.долларын босгыг давж, худалдааны ашиг 20 тэрбум ам.доллароос давлаа” гэж Худалдаа, аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ким Жун Кван мэдэгдсэн байна. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг